Энэ долоо хоногт ОХУ Украины дайн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, дэлхий нийтийн анхаарал юунд нь илүү төвлөрч буйг нэгтгэн хүргэе.
Жулиан Боргерын хийсэн дүн шинжилгээгээр Молдавт хэд хэдэн учир битүүлэг дэлбэрэлт болсон нь Оросын Украин дайн шинэ газар нутаг руу шилжиж, урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүргэх аюулыг бий болгож магадгүй байна.
Москвагийн дэмжлэгтэй Приднестровийн бүс нутгийн салан тусгаарлагчдын эрх баригчид хэрэг явдалд Украины дайчдыг буруутгаж байгаа бол Киевийн засгийн газар эдгээр халдлагыг Донбаст болсон ижил төстэй дэлбэрэлтүүдийн нэгэн адил Оросын цэргийг оруулах шалтаг болгох зорилготой хуурамч халдлага гэж үзэж байна.
Оросууд Приднестровь руу давшиж буй нь Украины нэгэн адил НАТО-д элсэх сонирхол нэмэгдэж байгаа Молдавын бүрэн эрхт байдалд шууд аюул учруулах болно. Пүрэв гарагт Молдавын Ерөнхий сайдын орлогч Нику Попеску хэлэхдээ, халдлага нь "манай бүс нутгийн түүхэн дэх маш аюултай мөч" гэж мэдэгдэв. Европын хамгийн ядуу орны нэг болох Молдав улс дүрвэгсдийн их урсгал болон экспортынхоо бараг 15 хувийг нь зогсоосон дайнаас үүдэлтэй эдийн засгийн уналттай тэмцэж байна.
Хэрэв Приднестровь дахь аймшигт дэлбэрэлтүүд нь Путины шинэ “алхам”-ын шинж тэмдэг бол Молдав дараагийн түрэмгийллийн бай болж магадгүй юм.
ОХУ ЕХ-ны улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосныг Европын удирдагчид шантааж гэж буруушаав. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки өөрийн улс руу хийсэн “шууд дайралт” гэж тодорхойлсон энэхүү алхмыг хоёр улс рублиэр төлөх шаардлагыг биелүүлээгүйн хариу гэж Кремль өөрийгөө өмөөрсөн. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен ЕХ-ны аль ч улс ОХУ-д хийн төлбөрөө рублиэр төлөх нь тус холбооны хориг арга хэмжээний дэглэмийг зөрчсөн болно гэж мэдэгдсэн нь аюултай зөрчилдөөнд хүргэж, Их Британи болон бусад улсууд ОХУ-ын хоригт орсон.
Оанда валютын компанийн Их Британи, Европын зах зээлийн ахлах шинжээч Крэйг Эрлам "Энэ нь бусад хүмүүст үүнийг дагаж мөрдөхгүй байх гэсэн анхааруулга байж болох ч хэрэв тэд дагаж мөрдвөл зөрчилдөөн үүсэж магадгүй юм. Кремль үүнийг дагаж мөрдөөгүй хэнд ч адилхан шийтгэл ногдуулна гэсэн байр суурьтай байгаа тул Европ Оросын хийгүйгээр амьдрах эсвэл сул дорой харагдсан ч хамаагүй шаардлагыг нь биелүүлэхээс өөр аргагүй" хэмээн тодорхойлжээ. Унгар улс рублиэр төлбөрөө хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд Европын гурван том байгалийн хийн компани болох Германы Uniper, Италийн Eni, Австрийн OMV нар Путины зарлигийг дагаж мөрдөх арга замыг судалж байгаа гэнэ.
Украины зүүн өмнөд хэсэгт орших Украины хяналтад байгаа цорын ганц том хот болох Запорожье нь Оросын түрэмгийллээс дүрвэсэн олон зуун мянган хүмүүсийн орогнох цорын ганц аюулгүй газар болсон ч тус бүс нутгийн 70% нь Оросын цэргийн хяналтад байгаа тул Москвагийн хүчин үүнийг эзлэхийг оролдох вий гэсэн болгоомжлол бий.
Энэ хот дайны үеийн Украины хотын хувьд гайхалтай хэвийн, бүр завгүй амьдрал буцалж буй газар болжээ. "Хүмүүс гадуур гарч, ажилдаа явж байна. Хот хэдийгээр дайны бэлтгэлтэй байгаа ч ийм байдалд хүрэхгүй гэсэн найдвар айдсаас илүү байна" гэж Запорожье мужийн цэргийн захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Иван Ариефьев сэтгүүлчдэд хэлжээ. Дайнд бэлдэх сургалтыг багш, сэтгүүлчдэд санал болгож, оролцогчдод буу цэнэглэх, анхны тусламж үзүүлэх, эрүүл мэндийн анхан шатны үнэлгээ хийхийг зааж өгч байна.
Сэтгүүлч Лорензо Тондо Украины дайнд амь үрэгдсэн Буча хотын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цогцсоос жижиг төмөр сум олдсон тухай мэдээлэв. Fléchettes гэгдэх уг зэвсэг орчин үеийн дайнд ховор хэрэглэгддэг. Жижигхэн, металл, сум шиг хурц, олон мянган ширхгийг бүрхүүл бүртээ хадгалах боломжтой энэхүү зэвсэг нь буудсаны дараа бүрхүүл нь дэлбэрч, жижигхэн сумнууд нь хол зайд тархдаг. Энэ зэвсгийг дэлхийн нэгдүгээр дайнд ашиглаж байсан бөгөөд дайсны явган цэргийн дуулгыг цоолохын тулд онгоцноос шидэж байжээ. Харин одоо үүний жижиг сумнуудыг Украины энгийн иргэдийн толгой, цээжнээс зайлуулж байна.
"Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеэс жижиг хадаастай төстэй хэд хэдэн объект олсон бөгөөд бусад хүмүүсийн биеээс ч олдож эхэлсэн” гэж Украины шүүх эмнэлгийн эмч Владислав Пировский "The Guardian"-ын сэтгүүлчтэй ярилцах үеэрээ дурджээ.
Оросуудын түрэмгийллийн үеийн ширүүн тулалдааны дараахан Оросын цэргүүд Киевээс баруун хойд зүгт 30 км-ийн зайд орших Буча хотыг эзлэн авчээ. Гуравдугаар сарын сүүлчээр алагдсан бололтой олон зуун хүний цогцсыг бөөнөөр нь булсан булш ил болсон.
Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, барууныхны зорилго бол Оросыг хөршүүддээ заналхийлж чадахгүй болтлоо сулруулах явдал гэж мэдэгдсэн. Үүнээс нэг өдрийн дараа Их Британийн Батлан хамгаалахын сайд Жеймс Хиппей хэлэхдээ, Украин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө барууны зэвсгийг ашиглах нь "бүрэн хууль ёсны" болно гэв. Гэхдээ Украин дангаараа энэ зорилгодоо хүрч чадахгүй байгаа тул Их Британи болон НАТО-гийн бусад гишүүд хэр их үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн байна вэ гэдэг асуулт гарч ирж буй.
Лхагва гарагт Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Лиз Трасс хэлсэн үгэндээ энх тайвны шийдэлд хүрэх хамгийн тууштай арга барилыг дэмжинэ, үүнээс гадна Москвагийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Украинд төлөх тухай цухуйлгасан. Энэ нь 1919 онд Германы эсрэг холбоотнуудын баримталж байсан зарчмуудтай төстэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Аливаа энх тайвны шийдэлд бүтэлгүйтлийг хэрхэн тодорхойлох талаар ярилцаж буй "Дөрвөл"-ийн дипломатууд буюу АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг орнууд уг асуудлыг хэлэлцэж мөн байгаа аж.
Эх сурвалж: The Guardian