Аварууд Монголоос Унгар руу хоёр жилийн дотор хүрч байсныг ДНХ-ийн баримт нотлов.
Ромын эзэнт гүрний мөхлийг түргэсгэхэд тусалсан гэгддэг нууцлаг морьтон дайчид болох Аварууд Вена болон Серб, Белградын хоорондох тэгш тал газарт хоёр зуу гаруй жилийн турш ноёрхож байгаад эцэст нь ул мөргүй алга болсон гэдэг. Эрдэмтэд тэдний гарал үүслийг эрэлхийлсээр өнөөг хүрчээ. Археологи, генетикийн нотлох баримтаар Аварууд Монголоос ирсэн цагаачид байсан төдийгүй тэдний нүүдэл нь тухайн үедээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдан холын зайн нүүдэл болж байжээ.
Аварчууд ямар ч бичиг баримт, түүхэн нотолгоо үлдээгээгүй нь сонин. Булшны эд зүйлс, түүхийн мэдээллүүдээс харахад тэд 1500 жилийн өмнө Европт ирснээсээ хойш төд удалгүй орчин үеийн Унгарын тал нутагт ноёрхлоо тогтоосон гэдэг. Тэд ихэс дээдсээ асар том булшнууд, зэвсгээр хүрээлэгдсэн, нарийн чимэглэсэн алт, мөнгөн авсанд нутаглуулж, ихэвчлэн морь, морины хэрэгсэлтэй хамт оршуулдаг байв. Европ дахь хамгийн эртний дөрөө нь Аваруудын булшнаас гардаг гэдгийг эрдэмтэд онцолдог нь учиртай.
Аваруудын гарал үүслийн талаархи илүү нарийн судалгаа хийх боломж олгосон булшнуудыг олон улсын судлаачдын баг орчин үеийн Унгараас олжээ. Нийт 27 газарт оршуулсан олон арван эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн араг яснаас ДНХ нь тодруулж, уг ДНХ-г эртний ДНХ-ийн мэдээлэлтэй харьцуулж үзээд багийнхан VI зууны үеийн булшныхтай ижил төстэй, бараг таарч байгааг тухай Cell сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Сөүлийн үндэсний их сургуулийн генетикч, зохиогч Чоонвон Жонг “Генетикийн хувьд элит Аварууд дорно зүгийн дүр төрхтэй байдаг. Анхны авар оршуулга нь хэдхэн арван жилийн өмнө Монголын зүүн хэсэгт оршуулагдсан хүнийхтэй төстэй байсан нь Европ дахь анхны Аварууд өөрсдөө бараг 7000 км замыг туулан энд ирсэн байх гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн. Тэд нүүдэлчин амьдралын хэв маяг, өргөн уудам тал нутгаар сунаж тогтсон худалдааны сүлжээ, Евразийн бэлчээрийг хурдан туулахын тулд морь унах чадвараа ашигласан байх. Мөн ДНХ нь ч маш төстэй байгаа нь тэд нэг үе юм уу түүнээс бага хугацааны дотор байсан" гэдгийг нийтлэлд онцолжээ.
Энэхүү удамшлын мэдээлэл нь Аваруудын гарал үүслийн талаарх хоёр түүхийг бататгаж буй. Тодруулбал, VI зууны нэгэн хятад сурвалжид хойд хил рүүгээ дайрахаар Монголын тал нутгаас гарч ирсэн морьтон нүүдэлчдийн олон бүлгүүдийн нэг болох Роуран хэмээх иргэдийн тухай өгүүлдэг. Роураны бэлчээрийн эзэнт гүрэн МЭ 552 онд өрсөлдөгч нүүдэлчдэд ялагдсан гэдгийг уг сурвалжид мөн дурджээ.
Нэг тивийн цаана орших, нэгэн цагт хүчирхэг байсан Ромын эзэнт гүрний үлдэгдэл Византийн дипломатууд дорноос шинэ бүлэг Каспийн тэнгисийн эрэгт ирсэн тухай, тэд өөрсдийгөө Аварууд гэж нэрлэх агаад Роуран гэгддэг алс холын хүмүүстэй холбоотой гэж мөн сударт тэмдэглэжээ.
Гэхдээ тэдний гарал үүслийн түүх үнэн байв уу?
Венийн их сургуулийн түүхч Уолтер Поль шинэ генетикийн өгөгдөл нь энэ асуултад хариулж чадна гээд "Тэд Роуран эзэнт гүрний цөмөөс гаралтай байх ёстой гэдгийг ДНХ-ийн мэдээлэл нь маш тодорхой харуулж байна. Тэд хятадуудын хөрш байсан” гэдгийг онцлов.
Ромын эзэнт гүрний захад ирснийхээ дараа Аварууд төв Европ руу нэвтэрч, орчин үеийн Вена, Белградын хоорондох Дунай мөрний эрэг дагуух тал газрыг эзэлж, тэр ч байтугай МЭ 623 онд Константинополь буюу одоогийн Истанбулыг бүслэн авчээ. Улмаар МЭ 700-аад оны сүүлээр илүү том, илүү сайн арми нь нийслэлээ устгаж, эцэст нь Европын ихэнх хэсгийг олон зуун жилийн дараа анх удаа нэгтгэсэн хаан Чарльман ч авар нэгэн байсан гэдэг.
Аваруудын нийгмийн бүтцийн талаар илүү ихийг мэдэхийн тулд судлаачид өөр өөр цаг хугацаа, байршил, нийгмийн давхаргад хамаарах авар булшнуудыг харьцуулсан байна. Судалгааны дүнд булшнууд болон генүүд нь Авар нийгмийн дээд хэсэгт байсан хүмүүс хоорондоо нягт холбоотой байсан гэдгийг харуулав. МЭ 700-аад оны эхэн үеийн элит оршуулгаас авсан ДНХ нь Зүүн Азийн шинж чанарыг хадгалсан нь тэд орон нутгийн Европын хүн амтай холилдоогүйг, харин хаант улсын төвөөс алслагдах тусам илүү холимог угсаатай болж байсныг нь нотолжээ.
Макс Планкийн нэрэмжит хувьслын антропологийн хүрээлэнгийн популяцийн генетикч Гуидо Гнекчи-Рускон "Аварын дээд гаралгүй хүмүүс нь орон нутгийн хүн амтай холилдсон байх магадлалтай. Харин ихэс дээдэс нь цусаа цэвэр хэвээр нь хадгалж үлдсэн" хэмээн тайлбарлав.
Монголоос Унгар руу нүүсэн бүлэг нь судлаачдын таамаглаж байснаас хамаагүй том байсныг генетикийн нотолгоо харуулав. Гэхдээ аварын хүн ам анхнаасаа хэдэн арван мянгуулаа байсан гэсэн үг үү, эсвэл анхны байлдан дагуулалтаасаа хойш хэдэн арван жилийн турш хэдэн арван мянгаараа Европ дахь Аварууддаа ирж нэгдэж байсан уу гэдгийг тодорхойлоход хэцүү юм.
Мичиганы Анн Арборын их сургуулийн археологич Брайан Миллер "Судлаачид нийгмийн асуудал, цаг хугацааны хэмжүүрийг нарийвчлан судлахыг хичээж байгаа. Энэ нь бидний явах ёстой чиглэл мөн" гэж тодорхойлжээ. Аварчууд Шарлеманы гарт ялагдсаны дараа юу болсон нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Гнекчи-Рускон хэлэхдээ, тэдний генетикийн ул мөр захирч байсан бүс нутгаасаа арчигдан алга болжээ. Үүнд ямар нэгэн учир зайлшгүй байгаа. Ямар нэгэн зүйл тохиолдов уу, эсвэл нутгийн хүн амд бүрэн уусчихав уу? Энэ бол бидний олж мэдэхийг хүсч буй зүйлүүдийн нэг" гэжээ.
Эх сурвалж: Science.org