ОХУ Украинд довтлохдоо хэт авианы пуужин ашигласан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт мэдэгдсэн.
Гэхдээ Их Британийн тагнуулын алба, тэр байтугай Байдены өөрийнх нь батлан хамгаалахын сайд хүртэл ОХУ-ын агаараас хөөргөсөн “Кинжал” пуужинг онцгойлон авч үзэхгүй байгаа юм.
Мөн Их Британийн Батлан хамгаалах яам “Кинжал” пуужин нь үнэндээ Орос улс Украин руу довтлохдоо удаа дараа ашиглаж байсан “Искандер” богино тусгалын баллистик пуужингийн (SRBM) агаарт хөөргөсөн хувилбар гэж мэдэгдсэн нь бий.
Үндсэндээ бүх пуужингууд хэт авианы хурдтай байдаг нь дууны хурднаас дор хаяж тав дахин их хурдтай явдаг гэсэн үг аж. Агаар мандалд хэдэн миль зайтай пуужингийн харвасан ямар ч байлдааны хошуу зорилгодоо хүрэхийн тулд ийм хурдтай хүрдэг учраас оросын хэрэглэсэн “зэвсэг” шинэ технологи биш гэв.
Орос, Хятад, АНУ, Хойд Солонгос зэрэг цэргийн хүчирхэг гүрнүүд одоо бүгд авианаас хурдан харвагч машин (HGV)-тай болсон. HGV нь радарын илрүүлэлт болон пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламжийн эргэн тойронд нисэхийн тулд чиглэл, өндрийг тохируулахын зэрэгцээ хэт авианы хурдаар онолын хувьд нисч чаддаг, маневрлах өндөр чадвартай зэвсэг юм.
HGV бол зогсоох бараг боломжгүй зэвсэгтээ ордог. Мөн Орос улс өөрийн зэвсэглэлд HGV буюу Авангард системтэй гэж үзэж байгаа бөгөөд үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцлон хэлсэн байдаг. Гэхдээ Кинжал нь Искандер SRBM-ийн хувилбар болох HGV биш. Хэдийгээр Искандер шиг маневр хийх чадвар нь хязгаарлагдмал боловч гол давуу тал нь МиГ-31 сөнөөгч онгоцноос хөөргөх боломжтой бөгөөд энэ нь илүү урт тусгалтай, олон талаас довтлох чадвартай гэдгээрээ ялгарна.
МиГ-31К нь урьдчилан таамаглах аргагүй чиглэлээс цохилт өгч, саатуулах оролдлогоос бүрмөсөн зайлсхийж чадна. Нисдэг тээвэрлэгч нь зам тээврийн Искандер системээс илүү амьд үлдэх боломжтой" гэж Олон улсын стратеги судлалын тайланд дурджээ.
Тэгвэл Украин пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй юу гэсэн асуулт эрхгүй төрнө. АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд Украины хамгаалалтад туслах зорилгоор "газар-агаар" ангиллын хэд хэдэн пуужингийн системийг аль хэдийн илгээсэн гэх мэдээлэл бий.
АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр эдгээр нэмэлт системд ЗХУ-ын үеийн SA-8, SA-10, SA-12, SA-14 хөдөлгөөнт агаарын довтолгооноос хамгаалах системүүд багтаж байгаа юм. НАТО-гийн гишүүн Словак улс НАТО-гийн түншүүдээс тохирох батерейг Украинд илгээхээр болсон талаар эх сурвалжууд CNN агентлагт мэдээлжээ.
Орос хэдийгээр Украинд түрэмгийлэл үйлдэж байгаа ч тус улсад ашиглаж буй зэвсэг нь барууныханд харуулж байгаа тактикын асуудал ч давхар хөндөгдөж байгаа гэдгийг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: CNN News