Украин дахь цэргийн дайралтад нь ахиц дэвшил гарахгүй байгаад бухимдсан Оросын ерөнхийлөгч улс орныхоо цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх үүрэг өгсөн. Түүнийг уг шийдвэрээ дэлхий нийтэд зарласнаас хойш Орос улс хэчнээн цөмийн зэвсэгтэй вэ, эдгээр нь Путинд үнэхээр бодитой хувилбар байж чадах уу гэдэг асуулт улам бүр хурцаар тавигдаж эхэлсэн юм.
Охайо мужийн их сургуулийн олон улсын аюулгүй байдлын судалгааны Мершон төвийн дэд профессор Дакота С.Рудесил “Аль-Жазира” агентлагт өгсөн ярилцлагадаа “Түүнд үнэхээр нууцлаг, туйлын аймшиг үр дагавартай цөмийн зэвсэг бий. Түүгээр ч барахгүй Оросуудын Украинд тулгарсан эсэргүүцэл нь ийм шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Дайн Путины төсөөлж байсан шиг болохгүй байх магадлалтай нүүр тулсан. Тэр тоглолтыг өөрчилж, санаачлагыг эргүүлэн олж авч, өрсөлдөгчдөө тэнцвэргүй, айдастай байлгахыг хүсэж, дараа нь хэрхэн, хэний эсрэг хурцадмал байдал үүсгэх бол гэсэн бодолд автаж байгаа биз" гэж тайлбарлажээ.
Путины мэдэгдэл нь зарим талаараа стратегийн алдаа байсан гэж маргаж болно хэмээн Ватерлоогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн туслах профессор Александр Ланошка хэлэв.
“Энэ бол хэтэрхий эрт ашиглагдсан хэдий ч зайлшгүй тактик юм шиг санагдсан. Путины хувьд ирээдүйн аюул заналхийлэлд итгэхгүй байгаа учраас асуудалтай байж магадгүй. АНУ, НАТО болон ЕХ үүнд тийм ч их дуртай байхгүй байх шиг. Яагаад гэвэл АНУ, Франц, Их Британийн цөмийн ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа шүү дээ" гэж Ланошка дүгнэж буй аж.
Цөмийн зэвсгээс гадна Оросын урьдчилан сэргийлэх хүчин зүйлд ердийн цэнэгт хошуутай баллистик пуужин, орчин үеийн далавчит болон ойрын тусгалын пуужин, хэт авианы зэвсгийн асар их арсенал багтаж байгаа юм. Гэхдээ Оросыг чухал болгож байгаа зүйл нь цөмийн хүчин чадал гэдэг нь маргашгүй.
“Оросын цөмийн зэвсгийн нөөц асар их. Ойролцоогоор 14000 цөмийн зэвсгийг хадгалдаг гэсэн тооцоо бий. Эдгээр зэвсгийн дийлэнх нь шууд ашиглах боломжгүй гэдэг ч бодит байдалд Орост дунджаар 2400 гаруй стратегийн цөмийн зэвсэг байгаа. Тэдгээрийн дийлэнх нь тив хоорондын баллистик пуужинтай холбоотой”гэж Ланошка Аль Жазира агентлагт ярьжээ.
Улс орнуудын цөмийн цэнэгт хошууны тоо . Дэлхий дахинд 2022 оны эхээр есөн улс ойролцоогоор 12700 цөмийн цэнэгт хошуу эзэмшиж байна. Орос, АНУ эдгээр цөмийн цэнэгт хошууны хошууны 90 гаруй хувийг эзэмшдэг.
Цөмийн зэвсгийн нөөц нь Оросыг дэлхийн хамгийн том цөмийн гүрэн болгодог бол АНУ удаалдаг. Энэ хоёр улс дэлхийн нийт цөмийн зэвсгийн 93 орчим хувийг эзэмшдэг. АНУ-д 3750 идэвхтэй болон идэвхгүй цөмийн цэнэгт хошуу байгаа. Түүнчлэн 150 орчим нь Европ дахь янз бүрийн цэгүүдэд байдаг.
Их Британийн хувьд далайд суурилсан саатуулах хүчинтэй бөгөөд 225 орчим цөмийн цэнэгт хошуутай болтлоо өргөжсөн. Үүний тал орчим нь дөрвөн шумбагч онгоцонд ашиглах боломжтой цөмийн цэнэгт хошуу гэгддэг. Тэдгээрийнх нь гуравны нэг нь ямар ч үед ашиглах боломжтой идэвхтэй байршлуудад байна. Францад 300 орчим цөмийн зэвсгийн нөөц бий.
“Олон нийтийн эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын тив хоорондын баллистик пуужингууд (ICBM) ерөнхийлөгчийн тушаал гаргаснаас хойш нэгээс таван минутын дотор, харин АНУ-ын шумбагч баллистик пуужингууд 15 минутын дотор харвах боломжтой. Оросын систем ч ийм хариу үйлдэл үзүүлж магадгүй” гэж Рудесил тодорхойлов.
Тиймээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины цөмийн зэвсгийн заналхийлэл нь бодитой бөгөөд учруулах аюул нь төсөөлснөөс ч их байх магадлалтай.
Эх сурвалж: Aljazeera
Зургийн эх сурвалж: Америкийн эрдэмтдийн холбоо, 2022 он 2 дугаар сар