Оросын зэвсэгт хүчний булаан авсан Чернобылийн АЦС-ын ойролцоо цацрагийн огцом өсөлт бүртгэгдсэнийг хяналтын мэдээ харууллаа.
1986 онд дэлхийн хамгийн аймшигт цөмийн гамшгийн голомт болж асан Чернобылийн атомын станцыг түрэмгийлэгч Оросын цэргүүд өнгөрсөн пүрэв гарагт хяналтдаа авлаа гэж Украин мэдэгдсэн. Харин Пүрэв гарагт цацрагийн түвшин 20 дахин нэмэгдсэн гэдгийг хяналтын станцууд мэдээлэв. Гэхдээ дахин нэг томоохон цөмийн гамшиг болох магадлал тун бага гэж шинжээчид үзэж байна.
Зургийн тайлбар: Чернобылийн атомын станцын цацраг идэвхийн хэмжээ 2022 оны 2 дугаар саырн 24-ны байдлаар
Украины цөмийн зэвсгийн хяналтын улсын байцаагчийн мэдээлснээр, хаягдсан үйлдвэрийг тойрсон 4,000 хавтгай дөрвөлжин км талбайг тусгаарлах бүсэд бохирдсон хөрсийг цэргийн хүнд даацын машинууд хутгаж байсантай холбоотой ийнхүү цацраг идэвх үүссэн гэв.
Цацраг идэвхийн хамгийн өндөр өсөлт нь эвдэрсэн реакторын ойролцоо бүртгэгдсэн байна. Чернолбылийн станцын цацрагийн түвшинг байнга хянаж байдаг.
Цөмийн реакторын ойролцоо ихэвчлэн микрозиверт гэж нэрлэгддэг гурван нэгжийн тунг тэнд очсон хүн цаг тутамд шингээн авдаг байна. Гэвч пүрэв гарагт энэ нь 65 микроЗв/цаг болж өсчээ.
Шеффилдийн их сургуулийн цөмийн материалын шинжээч, профессор Клэр Корхилл ВВС-д өгсөн ярилцлагадаа энэ өсөлт нь реакторын эргэн тойрон дахь бүс рүү орох, гарах гол замуудын дагуу нэмэгдсэн аж.
"Чернобылийн бүс болон түүний эргэн тойронд хүмүүс болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа нь газар дээрх цацраг идэвхт тоосыг өдөөх болно" гэж профессор Корхилл нэмж тайлбарлажээ.
Зургийн тайлбар: Украин болон хөрш зэргэлдээ Беларусийн атомын станцуудын байрлал
Хэрэв дахин хөдөлгөөн гарахгүй бол дараагийн хоёр хоногт цацраг идэвхийн хэмжээ буурах гэнэ. Тиймээс ч энэ бүс дэх аливаа цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиглах шаардлагатай юм.
Оросын цэргүүд нийслэл Киевээс хойд зүгт 130 км-ийн зайд орших үйлдвэрийг эзлэн авсны дараа тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский "1986 оны эмгэнэлт явдал давтагдахгүйн тулд Украины офицерууд түүнийг хамгаалахын тулд тэмцсэн" гэж мэдэгдэж байлаа. Оросууд Чернобыльд хийсэн халдлагыг тэрээр "Бүх Европын эсрэг дайн” хэмээн зарласан.
Чернобылийн станцад цөмийн хог хаягдлыг хадгалах хэд хэдэн байгууламжууд, 1986 оны гамшигт нэрвэгдсэн 4-р реакторыг бүрхсэн асар том хамгаалалтын бөмбөрцөг бий.
Профессор Корхилл "Эдгээр барилгууд нь цацраг идэвхт бодисыг дотор нь хадгалах зориулалттай, гэхдээ дайны нөхцөлд байхаар төлөвлөгдөөгүй" гэж профессор Корхилл хэлжээ.
1986 оноос хойш тус станцын цацраг идэвхт бодис мэдэгдэхүйц багассан байжээ. Чернобылийн станцаас илүүтэй Украины бусад ажиллаж байгаа цөмийн реакторуудын ойролцоох тулаануудад илүү санаа зовох хэрэгтэй гэнэ. Цөмийн бодлогын шинжээч, профессор Жеймс Эктон пүрэв гарагт хэлэхдээ "Чернобыль хүн амгүй том орон зайд оршдог бол Украины бусад реакторууд тусгаарлагдаагүй. Учир нь атомын цахилгаан станцууд дайны бүсэд зориулагдаагүй" гэжээ.
Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ) баасан гарагт Украины цөмийн эрчим хүчний реакторууд "аюулгүй, найдвартай" ажиллаж байгаа талаар мэдээлсэн ч санаа амрахад эрт байгаа юм.
Эх сурвалж: BBC News