Колумбын Үндсэн хуулийн шүүх жирэмсний 24 долоо хоног хүртэлх хугацаанд үр хөндөлт хийлгэхийг гэмт хэрэгт тооцохоо больж, хуульчиллаа. Католик шашинтай тус улсад үр хөндөлтийг хуульчилснаар эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой олон асуудал шийдэгдэн гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
Өмнөх хуулиар буюу өнгөрсөн 15 жилийн хугацаанд эхийн амь насанд аюул учирсан, жирэмслэлт нь хүчингийн хэргээс үүдэлтэй, ураг хүнд төрлийн гажигтай бол гэсэн гурван тохиолдолд л үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг байв. Тэгвэл шинэ батлагдсан хуулиар дээрх 3 зүйл дээр нэмэгдээд жирэмсний эхний 24 долоо хоногийн хугацаанд эхийн өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэхийг зүйлчилэн оруулжээ.
Үр хөндөлтийг хуульчилахыг шаардаж жагссан эмэгтэйчүүд ногоон алчуур зүүцгээсэн нь Латин Америк даяар тархсан спортыг дэмжигч тод ногоон банданатай холбоотой феминист "ногоон давалгаа"-ын үетэй давхцсан юм.
Эквадор зэрэг бусад улс орнууд хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.
Колумбын Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төвийн гүйцэтгэх захирал Паула Авила-Гуиллен үр хөндөлтийг хуульчилсан талаар "Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийн сэргэлт" гээд “Бид хоцрогдож явахаас залхлаа. Одоо эмэгтэйчүүд эрхээ сэргээх тэр цаг иржээ” хэмээн мэдэгдсэн байна. Колумбын экс Ерөнхийлөгч Альваро Урибе болон үр хөндөлтийн эсрэг бусад бүлгүүд үр хөндөлтийг хуульчилсныг шүүмжилж буйгаа Твиттер хуудсууддаа нийтэлжээ.
Консерватив конгрессын гишүүн Хосе Хайме Ускатеги “Энэ бол гэмт хэрэг. Таван шүүгч 50 сая Колумбын иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж байхад Колумбын иргэд яагаад энд чимээгүй суух ёстой гэж…" гэж ярьж буй бичлэгээ твиттер хуудастаа нийтэлжээ.
Колумбын эрүүгийн хуулиас үр хөндөлтийг хасч хуульчилахын эхлэл нь үр хөндөлтийг эрүүл мэндийн хуулиар зохицуулдаг Causa Justa Por el Aborto ("Үр хөндөлтийн зүгээр л шалтгаан") нэртэй байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс эхтэй.
Өмнө нь колумб эмэгтэйчүүд үр хөндүүлснийхээ төлөө 16-54 сар хүртэл хорих ялаар шийтгүүлдэг байжээ.
Латин Америкт жил бүр 760 000 эмэгтэй нууц үр хөндөлтийн хүндрэлээс болж эмчлүүлдэг гэдгийг Гуттмахерийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурджээ. Нууц буюу хууль бус үр хөндөлт хийлгэсэн 10 эмэгтэй тутмын 1 нь амиа алддаг гэсэн тоо ч бий.
Хөдөө орон нутгаас ирсэн насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн 42-оос доошгүй хувь нь жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж, үүнээсээ болж хүсээгүй жирэмслэлтээ зогсоосон байдаг аж.
Колумб улс үр хөндөлтийг хуульчилсан нь тус бүс нутгийн хувьд урагшлах бэлгэдлийн алхам болсон бөгөөд үр хөндөлтийг хатуу хориглодог Чили зэрэг орнуудад нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж буй.