ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн цэргүүдээ "энхийг сахиулах" нэрийн дор зүүн Украин руу нэвтрэхийг тушаасан даруйд барууны орнууд хатуу хориг арга авах амлалтаа биелүүлэхийг шаардаж эхэллээ.
АНУ нэн түрүүнд ОХУ-ын хяналтад байдаг Донецк, Луганск зэрэг нутаг дэвсгэртэй холбоотой хөрөнгө оруулалт, худалдаанд чиглэсэн хязгаарлагдмал хориг арга хэмжээ авсан бол мягмар гарагт Борис Жонсон "Их Британийн Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний анхны цохилтоо хийнэ” гэв.
Оросын томоохон таван банк болох "Россия", "IS Bank", "General Bank", "Promsvyazbank", "Black sea bank" болон Путины найз Геннадий Тимченко тэргүүтэй хөрөнгө чинээ ихтэй гурван хүнд авсан арга хэмжээ нь зөвхөн "эхний хэсэг" гэж Борис Жонсон мэдэгдэлдээ дурджээ. Мөн тэрээр үүнээс ч илүүг “хийх болно” гэсэн юм.
Эдийн засгийн хувьд хариу арга хэмжээ авч чадах бүх орнуудын дотроос Их Британийн хориг арга хэмжээ ОХУ-д учруулах нөлөөлөл нь харьцангуй их байх юм. Учир нь Лондонд Оросын алт дэлхийн бусад хотуудаас илүү ихээр хадгалагддаг гэдэг. “Темза мөрний эрэг дээрх Москва” гэх хочтой болсон нь Челсигийн өндөр үнэтэй харшуудад амьдардаг оросын олигархууд, Лондонгийн хөрөнгийн бирж LSE-д эргэлдэж буй оросуудын хөрөнгөтэй шууд холбоотой нэршил юм.
1990-ээд оноос хойш Москвад хувьцаа нь арилжаалагддаг компаниуд Лондон руу хандаж, хоёрдогч хөрөнгийн биржээр дамжуулан мөнгө босгох болсон. Тэдний дунд төрийн дэмжлэгтэй нефть, байгалийн хийн үйлдвэрлэгч Роснефть, Газпром, төрийн мэдлийн ВТБ, Сбербанк, хувийн өмчийн Норникель зэрэг бие даасан уул уурхайн компаниуд хүртэл багтдаг.
S&P Global мэдээллийн компанийн мэдээлснээр Оросын 31 компани LSE-д бүртгэлтэй бөгөөд тэдний зах зээлийн нийт үнэлгээ 468 тэрбум фунт стерлинг гэнэ.
Дээрх компаниуд нь Оросын эдийн засагт чухал ач холбогдолтой төдийгүй төрийн санхүүжүүлтийн дийлэнх хэсгийг эзлэдэг байна. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оросын газрын тос, байгалийн хийн болон уул уурхайн компаниуд 2020 онд засгийн газартаа 39 тэрбум фунт стерлингийн татвар төлсөн гэж Guardian-ын хийсэн ОХУ-ын Засгийн газрын мэдээлэлд хийсэн төлбөрийн дүн шинжилгээнд дурджээ. Энэ орлого нь Путины дэглэмийн хувьд асар чухал гэдгийг хэлэх нь илүүц биз. Орос улс 2019 онд цэргийнхээ зардалд 41.7 тэрбум фунт стерлинг зарцуулсан нь Засгийн газрын зардлынх 11.4 хувийг эзэлж байгаа гэдгийг Дэлхийн банкны дүн шинжилгээнээс харж болно.
Энэ сарын эхээр парламентад өргөн мэдүүлсэн хуулийн баримт бичигт Их Британийн засгийн газарт “ОХУ-ын засгийн газарт эдийн засгийн ач холбогдолтой бизнес эрхэлдэг” болон Оросын засгийн газрыг дэмжигч компаниуд болон стратегийн ач холбогдол бүхийэрчим хүч, уул уурхай, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг салбаруудад хориг арга хэмжээ авах эрхийг өгсөн. Хэдийгээр Оростой холбоотой бүх компани эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөхгүй ч Лондонд бүртгэлтэй ихэнх компаниуд Оросын засгийн газрын хувьд эдийн засгийн болон стратегийн ач холбогдолтой гэсэн тодорхойлолтод багтаж магадгүй болоод байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын хориг арга хэмжээний тухай хуулийн төсөлд хориг арга хэмжээнд өртөх магадлалтай Оросын 12 банкыг нэр цохон тодорхой заасан бөгөөд газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбар дахь компаниудад “хориг тавих” эрхийг нь өгчээ.
Одоогоор ямар ч компани, хувь хүнийг нэр цохон хориг тавиагүй байгаа ч шинээр батлагдсан хуулиар өргөн хүрээний хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах боломжийг бүрэн олгосон байна.
Хэнийг онилж магадгүй вэ
Хамгийн эрс тэс хувилбараар Их Британи, АНУ эсвэл ЕХ-нд үйл ажиллагаа явуулж буй компаниуд, тэр дундаа дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудыг оролцуулан хориг арга хэмжээ авсан байгууллагуудтай аливаа гүйлгээ хийхийг хориглож магадгүй. Энэ нь тэдний хувьцааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлж, Лондонд шинээр өр эсвэл хувьцаа гаргах боломжгүйболгоно гэсэн үг юм.
ОХУ-ын Засгийн газарт эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий компаниуд болох Роснефть, Газпром, Лукойл компаниуд 2020 онд ОХУ-ын засгийн газарт татвар болон бусад төлбөрт 3,2 тэрбум рубль төлсөн байна. Эдгээр компаниуд Москвагийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хэдий ч Лондонд хоёрдогч бүртгэлтэй.
ОХУ-ын Ерөнхий сайд асан Игорь Сечиний удирддаг газрын тосны томоохон компани болох "Роснефть"-ийн хэвлэлийн төлөөлөгч Оросын цэргийг Украин руу оруулахын өмнөхөн хийсэн мэдэгдэлдээ тус компани нь "улс төрийн зорилгогүй" "арилжааны байгууллага" гэжээ.Үүгээр ч зогсохгүй АНУ-ын Goldman Sachs, BlackRock зэрэг томоохон институцийн хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг онцлоод Schroders and abrdn зэрэг Британийн хөрөнгийн менежерүүд хүртэл "Их Британийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан" хэмээн тайлбарласан байдаг.
Газпром, Норсникель, Сбербанкны зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Лукойл, ВТБ тайлбар өгөхөөс татгалзжээ.
Лондонд төвтэй хөнгөн цагаан олборлогч En+ Group (1.1 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй гэгддэг) 2017 онд Лондонгийн хөрөнгийн биржээс 1.5 тэрбум ам.доллар босгосон ч холбогдох этгээдэд тавьсан хориг арга хэмжээний сорилтыг даван туулах шаардлагатай болсон. Энэ нь 2018 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон Оросын олигархи Олег Дерипаскагийн эзэмшилд байдаг компаниудын нэг аж.
En+ нь Их Британийн Эрчим хүчний сайд асан, Консерватив намын гишүүн Грег Баркерын боловсруулсан төлөвлөгөөний дагуу Дерипаскагийн эзэмшлийг 45% болгон бууруулж, бусад захирлуудыг томилсноор АНУ-ын хориг арга хэмжээнээс мултарч чадсан. Тус компани нь АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын албанд сар бүр тайлан гаргадаг хэвээр байгаа юм.
Тус компанийн зүгээс хориг арга хэмжээтэй холбоотойгоор тайлбар хийхээс татгалзсан ч Дерипаска АНУ-ын авч буй эдийн засгийн хориг арга хэмжээг эсэргүүцэхийн тулд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тэрээр гэсэн шүүмжлэл бүрийг няцааж, АНУ-ын түүний эсрэг буруутгаж байгаа мэдээлэл нь "худал цуу яриа, төөрөгдөл" дээр үндэслэсэн гэж мэдэгдсэн билээ.
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад хориг арга хэмжээ авах боломж нь тус хөрөнгийн бирж төдийгүй Лондон хотын хөрөнгө оруулалтын банкирууд, хуульч, нягтлан бодогчдын хувьд төвөгтэй байдал үүсгээд буй. Оросын компаниуд Лондонгийн хөрөнгийн биржийн шимтгэлийн орлогын багахан хэсгийг бүрдүүлдэг ч өнгөрсөн хугацаанд Оросын мөнгийг дуртайяа хүлээн авч, тэр байтугай 2011 онд Москвад тусгай арга хэмжээ хүртэл зохион байгуулж байсан түүхтэй.
Крымыг өөртөө нэгтгэснээс хойш геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Оросын компаниуд 2014 оны Крымийг эзлэн түрэмгийлсэнээс 2021 он хүртэлх хугацаанд Лондонгийн хөрөнгийн биржээс жилд дунджаар 1.8 тэрбум доллар буюу нийтдээ 14 тэрбум фунт стерлинг цуглуулдаг байдал өнөөдөр ч хэвээр байгаа гэдгийг Dealogic-аас мэдээлэв.
Хориг арга хэмжээнд өртөж буй компаниуд нарийн ширийн зүйлээс хамааран арилжааг нь түдгэлзүүлж, Лондонгийн хөрөнгийн биржийн хөрөнгийн зах зээлийн индексээс хасаж болно, гэхдээ энэ байдал нь хэдэн жил үргэлжилбэл юу болох талаар заасан дүрэм журам байхгүй гэнэ. Уг асуудалд Лондонгийн хөрөнгийн биржийн зүгээс тайлбар өгөхөөс татгалзжээ.