Улс орнууд хөгжин дэвшихийн хэрээр түүнийг даган шийдвэрлэх асуудлууд нь ч нэмэгддэг. Ийм асуудлын нэг нь авто замын түгжрэл. Томоохон хотууд түгжрэл хэмээх толгойн өвчнөөсөө өөр өөрсдийн онцлогт тохируулан гаргасан журам, зохицуулалтынхаа ачаар салжээ. Тэдгээр хотуудын түгжрэлээ шийдсэн арга нь ихэвчлэн эдийн засгийн хөшүүрэгтэй байгаа нь сонин.
Токио
Токио хот 28.000 километр авто замтай. Үүнээс 10 хувь нь буюу 2800 километр нь хурдны зам байдаг. 1960-аад оны дунд үеэс эхлэн түгжрэлтэй нүүр тулсан тул Токио хотын эрх баригчид хурдны гүүрэн замууд барьж эхэлжээ. Хурдны зам дээрх дундаж хурд нь 80-100км/ц байдаг.
Токиогийн Метрополитан хурдны замын хураамж 2020 оны байдлаар өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл (олимпын үеэр замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд) долдугаар сарын 19-нөөс эхлэн 1000 иенээр (9.05 ам.доллар) нэмэгдсэн юм.
Үүний зэрэгцээ, 7-р сарын 23-нд эхлэх Наадмын үеэр замын хураамжийг өдрийн цагаар тохируулдаг "замын үнэ тогтоох" тогтолцооны дагуу одоо байгаа хурдны замын төлбөрийг шөнө дундаас 04:00 цагийн хооронд хоёр дахин бууруулах шийдвэр гарч байв.
Хурдны замд цахим төлбөр хураах (ETC) системийг ашигладаг стандарт оврын автомашины ердийн хураамжийн үнэ 300 иенээс 1320 иен хооронд хэлбэлздэг байсныг хотын эрх баригчид ийнхүү түр хугацаанд нэмсэн аж.
Токио хотод зөвхөн хурдны замаар давхидаг гэж ойлгож бас болохгүй. Газар доогуур тавигдсан ямар ч хураамжгүй замууд ч бий. Үүний зэрэгцээ жолооч нарт зориулан машин бүрд замын ачааллыг мэдээлэх, замын хураамжийг тооцоологч суурилуулсан байдаг. Техник технологийн өндөр хөгжилтэй орны хувьд авто замын түгжрэлийг шийдэхдээ ч өөрсдийн давуу талаа бүрэн дүүрэн ашигладаг. Токиогийн зам тээврийн төв нь хотоо хэрсэн 17 000 төхөөрөмжийн ачаар авто замын хөдөлгөөнийг хянаж, зохицуулалт хийж байдаг. Зам тээврийн төвд байрлах 5*25 метрийн хэмжээтэй дэлгэц дээр хотын замын хөдөлгөөн улаан шар, ногоон өнгөөр ялгарч харагддаг гэнэ. Улаан өнгө түгжрэлтэй хэсгүүд, шар нь авто замын ачаалал нь нэмэгдэж буйг, харин ногоон нь хэвийн урсаж буй хөдөлгөөнийг илтгэдэг байна.
Үүний зэрэгцээ томоохон уулзвар, эргэлтүүд бүгд хяналтын камер, ухаалаг замын дохиолол осол аваар гарахаас сэргийлэх зорилгоор ажилладаг. Мэдээж хүн ам ихтэй хотын хувьд Токио хотын нийтийн тээвэр өндөр түвшинд хөгжсөн гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
Токио хотын нийтийн тээвэр газар доорх метро буюу денша, хурдны галт тэрэг, автобус, такси ч бий. Газар доогуур явдаг галт тэрэгний хувьд улсын болон хувийн хэвшлийн гэсэн холимог байдлаар үйлчилдэг. Тиймдээ ч зарим галт тэрэгний шугам үнэтэй байх нь бий.
Стокгольм
Шведийн нийслэл Стокгольм хотын эрх баригчид түгжрэлийг замын төлбөр авах электрон шийдлээр зохицуулж чаджээ. Долоо хоногийн ажлын өдрүүдэд өглөөний 06:30-18:30 хүртэл 12 цагийн хугацаанд төв замаар зорчих автомашинууд бүгд төлбөр төлдөг журамтай. Замын түгжрэл төлбөртэй холбоотойгоор журам батлагдсанаас хойших 2 жил даруй 25 хувиар буурчээ. Үүгээр зогсохгүй замын татвараас бүрдсэн орлого өссөнийг авто зам, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад ашигласнаар иргэдээс ирдэг замын төлбөртэй холбоотой гомдол ч буурсан байна. Замын төлбөр төлөхгүй ч тохитой, хүртээмжтэй нийтийн тээвэртэй болсон иргэд автомашинаар зорчих шаардлагагүй гэдгийг ойлгосон байдаг.
Сөүл
БНСУ-ын нийслэл Сөүл хотынхон замын түгжрэлээс гарах хамгийн шийдэл нь нийтийн тээврийн хөгжүүлэлт гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэхэд хилсдэхгүй. Тус улс албан ёсоор дэлхийн хамгийн хямд үнэтэй нийтийн тээвэртэй улсаар тодроод буй. Автобус болон метроны чиглэлүүд хоорондоо давхцахгүй, мөн банкнууд тээврийн хэрэгсэлд ашиглаж болох зээлийн картын бүтээгдэхүүн нэвтрүүлсэн нь нийтийн тээврээр зорчигчдын тоог нэмэгдүүлж чадсан гэдэг. 2003 оны судалгаагаар Сөүл хотод амьдарч буй иргэдийн 15 хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол энэ тоо 2012 онд 60 хувь болж өсжээ. Мэдээж бусад зохицуулалт ч бий. Тухайлбал, ААН-үүд ажил эхлэх, тарах цагуудаа зөрүүлснээр замын ачаалал буурсан гэдэг.
Сингапур
Ухаалаг Сингапурчууд Замын үнэ тогтоох цахим систем ERP ашиглаад 25 орчим жил болж буй. Хотын тодорхой бүсүүдэд нэвтрэх цэгт erp мэдрэгч хяналтын камер байршуулж цахим байдлаар төлбөр авдаг. Гэхдээ төлбөрийн хэмжээ цаг болон түгжрэлийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг гэнэ. Мөн автомашин өмчлөх хязгаартай гэрчилгээний журам ч авто замын түгжрэлийг бууруулахад нөлөөлсөн гэх нь бий. Уг журмын дагуу сар бүр явагддаг дуудлага худалдаагаар орж суудлын автомашины өмчлөх гэрчилгээ худалдаж авдаг. Тусгай гэрчилгээний үнэ 37 000 ам.доллар орчим байдаг байна. Гэрчилгээг хязгаартай, өндөр үнээр олгосноор автомашины тоог дам байдлаар хянаж, багасгажээ.
Нью Йорк
АНУ-ын алдартай хотуудын нэг Нью Йоркийн хувьд хотын зарим бүсэд төлбөртэй нэвтрэх журам баталжээ. Ингэснээр авто замын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх хотын метроны системийг сайжруулахад ч нөлөөлөх аж. Маргаан дагуулж иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч Нью Йоркийн эрх баригчид өнгөрсөн оноос Манхэттены бүсэд нэвтрэхэд тодорхой хэмжээний төлбөр авах журмаа баталжээ.