Бээжин-2022 өвлийн олимпын наадмын хамгийн залуу оролцогчдын нэг, ОХУ-ын уран гулгалтын багийн тамирчин Камила Валиева дараалсан дөрвөн эргэлт хийж, дэлхий дахиныг шуугиулж байсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Харамсалтай нь медаль гардуулах ёслол түүний допингийн шинжилгээний хариу эерэг гарснаас үүдэн цуцлагдсанаар сөрөг дуулианы эзэн болон хувирсан билээ.
Триметазидин гэх зүрхний үйл ажиллагааг дэмждэг эм хэрэглэсэн нь батлагдсан
Шведийн нийслэл Стокхольм хот дахь Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлаг (WADA)-ын итгэмжлэгдсэн лабораторид илгээж шалгуулсны хариу медаль гардуулах ёслолын өмнөх өдөр илэрсэнг Оросууд шүүмжилж эхэлсэн. Алтан медалийн эзэн болсонтой зэрэгцэн допингийн шинжилгээний хариу гарсныг АНУ-тай холбож шүүмжлэх Оросууд энэ олимпд төрийн далбаагаа өргөх, сүлд дууллаа эгшиглүүлэх эрхгүйгээр оролцож буйгаа мартсан бололтой. ОХУ-ын баг тамирчид олон улсын шинжтэй томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцохдоо допингийг системтэйгээр хэрэглэдэг нь батлагдсан учир WADA-гаас олимпын наадмуудад оролцох ОХУ-ын баг тамирчдыг төрийн далбаагаа өргөж сүлд дууллаа эгшиглүүлэх эрхийг нь хязгаарласан билээ.
Энэ олимпоор уг хязгаарлалт дуусгавар болох ёстой байсан ч ОХУ-ын баг тамирчид сүүлчийн тэмцээндээ ахин бүдэрч, ноцтой алдаагаа давтсан гэдэг нь батлагдлаа. Зарим шинжээчид ОХУ-ын баг тамирчдыг Камила Валиевагийн насанд найдан допинг хэрэглүүлж, илэрсэн ч хүнд хоригт орохгүй гэж найдсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Учир нь WADA-ийн дүрэмд 16 нас хүрээгүй, эсвэл оюуны бэрхшээлийн улмаас эрх зүйн чадамжгүй нь баримтаар нотлогдвол хориотой бодисын удирдамж зөрчлийн эсрэг арга хэмжээг ухамсарлах чадваргүй гэж үзэн хариуцлага тооцохгүй байх магадлалтай аж. Тиймээс энэ төрлийн тамирчдыг Protected person хэмээн тодорхойлж онцгойлон авч үздэг, допингтой холбогдсон ч медалийг нь олгох тохиолдол бий гэнэ. Тиймдээ ч Камила Валиевад хөнгөн шийтгэл ноогдуулж, дасгалжуулагч болон бэлтгэл сургуулилтыг нь хариуцсан ажилтанг нь шалгаж, хяналтад оруулдаг. Inside the Gamez спортын сэтгүүлд бичсэнээр дээрх нөхцөл байдлаас үүдэн ОУОХ мэргэжлийн хуулийн зөвлөгөө авч, асуудлыг шийдвэрлэхээр болсон гэж тайлбарлажээ.
Харин Independent-д нийтлэгдсэн нийтлэлд “ОХУ-ын баг алтан медалийн төлөө улайрч, насанд хүрээгүй тамирчны карьерийг золиослолоо” гэжээ. Тийм ч учраас ОХУ-ын баг охины ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг онцолсон байна.
Триметазидин эмийг хэрэглэх явдал элбэг гэдгийг спортын эмч нар онцлож буйн шалтгаан нь олон цагийн нөх их бэлтгэл сургуулилт, биеийн хүчний байнгын дасгалын улмаас тамирчдын цусны даралт бага болдог. Тиймээс зүрхний үйл ажиллагааг дэмжих эмийг хэрэглэхээс аргагүй болдог. Зарим, гэхдээ цөөн тохиолдолд тамирчид гүйцэтгэлээ сайжруулах, тэвчээртэй байдлаа хадгалахын үүднээс триметазидиныг зориудаар хэрэглэх нь бий гэнэ. Гэхдээ Валиевагийн насыг авч үзэх юм бол өөрийн хүслээр буюу биеийнхээ шаардлагаар гэхээс илүүтэй дасгалжуулагчдын зөвлөсний дагуу хэрэглэсэн байх магадлал өндөр аж.
Триметазидин эм хэрэглэсэн БНХАУ-ын усанд сэлэлтийн тамирчин, олимпын 3 удаагийн аварга Сун Янд 8 жилийн хорих ял оноож байсан. Хамгийн ойрын жишээ нь Монгол улсын Аварга Н.Батсуурийн шинжилгээнээс уг эм илэрсэн билээ.
Товч танилцуулахад, Триметазидиныг ихэвчлэн бидний хэлж заншсанаар ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл, зүрхний дутагдал болон зүрхний цусан хангамжийг сайжруулах, цөөн тохиолдолд чих шуугих, толгой эргэх зэрэгт удаан хугацаагаар хэрэглэхээр эмчийн заавраар олгодог. 2012 онд Европын Эмийн агентлаг (EMA) триметазидины ашиг тус, эрсдлийн үнэлгээг хийж триметазидин агуулсан эмийн хэрэглээг нэгдүгээр зэрэглэлийнэмээр баталж байжээ.
Ангинатай өвчтөнүүдэд хийсэн хяналттай судалгаагаар триметазидин нь титэм судасны нөөцийг нэмэгдүүлж, улмаар дасгал хөдөлгөөнтэй холбоотой ишемийн эхлэлийг удаашруулж, зүрхний цохилтын мэдэгдэхүйц өөрчлөлтгүйгээр цусны даралтын огцом хэлбэлзлийг хязгаарлаж, давтамжийг мэдэгдэхүйц бууруулж буйг тогтоосон байдаг.
Энэ эм нь зүрхний титэм судасны өвчтэй чихрийн шижинтэй өвчтөнд зүүн ховдлын үйл ажиллагааг сайжруулдаг өндөр үр дүнтэй гэдэг нь нотлогдсон нь ч бий.