Уг эмнэлзүйн туршилт, судалгааг 18-55 насны 1420 эрүүл насанд хүрсэн хүний дунд хийх юм.
Судалгааг гурван бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн оролцогчид судалгаанаас дор хаяж 90-180 хоногийн өмнө одоогийн Pfizer Covid-19 вакцины хоёр тунг тариулсан байх ёстой. Хоёр дахь бүлэгт хамрагдагчид судалгаанаас дор хаяж 90-180 хоногийн өмнө одоогийн Pfizer Covid-19 вакцины гурван тунг тариулсан байх бөгөөд Pfizer Covid-19 вакцин эсвэл омикроны тусгай вакцины нэг тунг тариулах юм. Гурав дахь бүлгийн оролцогчид Ковид-19 вакцинд хамрагдаагүй хүмүүс бүрдүүлэх агаад тэдэнд омикроны тусгай вакцины гурван тунг тарих аж.
Омикроны өвөрмөц вакциныг одоогийн вакцины адил 30 микрограмм тунгаар хийхээр төлөвлөжээ.
"Одоогийн судалгаа болон бодит мэдээллээс харахад өдөөгч тун нь хүнд өвчин болон омикрон туссан хүмүүсийг эмнэлэгт хэвтэх хүндрэлээс сэргийлэх агаад хамгаалалт цаг хугацааны явцад суларч, омикрон болон "ирээдүйд гарч болзошгүй шинэ хувилбарууд"-аас хамгаалах дархлаанд заавал хэрэг болно гэж Pfizer-ийн ахлах дэд ерөнхийлөгч, Вакцины судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Катрин Жансен мэдэгджээ.
Pfizer-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла өнгөрсөн сард омикроны хувилбарт шинэ вакцин шаардлагатай бол түүнд зориулсан шинэ вакцин бүтээнэ гэж мэдэгдэж байснаараа шинэ тарилгаа гаргасан нь энэ юм. Лабораторийн шинэ судалгаагаар коронавирусын эсрэг бие нь Pfizer/BioNTech вакцины гурав дахь тунг хэрэглэснээс хойш дөрвөн сарын дараа хүчтэй хэвээр байгааг харуулсан гэдгийг Pfizer-ийн хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.