Тонгад галт уул дэлбэрч, цунами үүсгэсэн нь дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын Хирошимад хаясан атомын бөмбөгөөс хэдэн зуу дахин хүчтэй байсан тухай НАСА мэдэгдлээ.
Тус агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлт Тонга улсын нийслэл Нукуалофагаас хойд зүгт орших галт уулын арлыг "устгажээ". Тонга улсын хүн амын тавны дөрвөөс илүү нь цунами болон нурангид нэрвэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт цунамид гурван хүн амиа алдсан нь батлагдсан.
Дэлбэрэлт болохоос өмнө Хунга Тонга-Хунга Хаапай галт уулын арал нь 2015 онд шинээр бий болсон газартай нийлсэн хоёр тусдаа арал байжээ. НАСА-гийн мэдээлснээр дэлбэрэлт маш хүчтэй байсан тул бүх шинэ газар, хоёр хуучин арлын "том хэсгүүд" алга болсон аж.
Дэлбэрэлтээс үүдэлтэй галт уулын үнс, хий, тоосонцор их хэмжээгээр ялгарах ньТонгагийн эрх баригчдын хувьд томоохон сорилт болж байна. Галт уулын дэлбэрэлт, цунамигийн дараахан усны эх үүсвэрүүд зузаан үнсэн бүрхэвчээр бохирдож, холер, суулгалт зэрэг өвчний эрсдэл нэмэгдэх вий гэсэн болгоомжлол бий болсон юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд хийсэн шинжилгээгээр гүний ус, борооны ус уухад аюулгүй болсон гэдгийг албаны эх сурвалж мэдэгдсэн байна.
Галт уулын дэлбэрэлтийн тархалт
Тонга дахь галт уулын дэлбэрэлтийн улмаас Австрали, Шинэ Зеланд, Япон, Хойд болон Өмнөд Америкийн баруун эрэгт давалгаа үүсч, дэлхий даяар агаар мандлын цочролын долгион илэрсэн билээ. Тонга нь Австралиас зүүн тийш 2000 миль (3300 км) зайд орших 170 орчим арлаас бүрддэг бөгөөд олон хүн оршин суудаггүй арал улс юм.
Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул нь нийслэл Нукуалофагаас хойд зүгт 40 милийн зайд оршдог бөгөөд дэлбэрэлт нь секундэд 300 метр (1000 фут) хурдтай хүчтэй цочролын долгион үүсгэсэн. Даралтын өөрчлөлтийг дэлхийн нөгөө талд буюу Европт 15 цагийн дараа илрүүлжээ.
Зургийн тайлбар: Дэлбэрэлтийн дараа үүссэн цунами арлыг бүрхэж буй явц
Цунамигийн давлагаа Номхон далай даяар хурдан тархаж, Шинэ Зеландад тав цаг, харин Аляскад хүрэхэд 10 орчим цаг зарцуулсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цунами нь далайн ёроолд нуран унасан, усны гадаргуу дээр даралтын долгион түлхэгдсэний улмаас үүссэн байж магадгүй гэнэ. Цунамийн давлагаа Ням гараг хүртэл үргэлжилсэн төдийгүй даваа гарагт Австралид мэдрэгдсээр байсан юм.
Зургийн тайлбар: Галт уулын дэлбэрэлт номхон далайн улсуудад мэдрэгдсэн цагууд
Тонга улстай харилцдаг холбоо тэр чигтээ тасалдсан тул сүйрлийн цар хүрээг үнэлэхэд хэцүү болжээ. Мягмар гарагт Тонгагийн засгийн газар галт уулын дэлбэрснээс хойших анхны мэдээллээ гаргаж, тус улс "урьд өмнө байгаагүй гамшигт нэрвэгдлээ" гэж мэдэгдсэн. Зарим жижиг арлууд ихээхэн хохирол амссан бөгөөд хоёр том арлын нэг дээрх бүх байшин нурж, нөгөөд нь хоёрхон байшин үлдсэн байна.
Зургийн тайлбар: Дэлбэрэлтийн долгион мэдрэгдсэн улсууд болон цагууд
Эх сурвалж: BBC News