Умард Солонгосын хакерууд өнгөрсөн онд криптовалютын платформ руу долоон удаа халдаж, 400 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний криптовалют хулгайлсан гэж Chainanlysis тайланд дурджээ.
Блокчэйн шинжилгээний компани Chainalysis-аас 2021 он зүүн Азийн хамгийн хаалттай улс болох БНАСАУ-ын кибер гэмт хэрэгтнүүдийн хамгийн “амжилттай ажилласан” жилүүдийн нэг байсан гэдгийг онцолсон байна.
Хакерууд кибер халдлагаараа голчлон хөрөнгө оруулалтын пүүсүүд болон төвлөрсөн биржүүдийг онилсон байжээ. "2020-2021 он хүртэл Умард Солонгостой холбоотой хакеруудын тоо дөрвөөс долоо болж өссөн. Мөн тэдний кибер гэмт хэргээс олсон ашиг нь өнгөрсөн онд 40 хувиар өссөн" гэж Chainalysis тайлагналаа. Хакерууд криптовалют хулгайлж түүнийгээ Умард Солонгосын хяналтад байдаг хаяг руу шилжүүлэхийн тулд фишинг, хортой программ зэрэг олон арга ашигласан гэж тус компани мэдэгдэв.
Криптовалютын hot wallet нь интернет болон криптовалютын сүлжээнд холбогдсон тул хакердуулах эрсдэлтэй. Эдгээр нь криптовалютыг илгээх, хүлээн авахад ашиглагддаг. Түүнчлэн хэрэглэгчдэд хэдэн жетон байгааг харах боломжийг олгодог. Шинжээчид өдөр бүр шаардлагагүй их хэмжээний криптовалютыг интернетээс салсан "cold wallet” рүү шилжүүлэхийг зөвлөдөг байна.
Chainalysis-ийн мэдээлснээр өнгөрсөн жилийн ихэнх халдлагыг АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан хакерын бүлэг болох Лазарус групп үйлдсэн байх магадлалтай. Энэ бүлэглэлийг Хойд Солонгосын тагнуулын ерөнхий газар болох Тагнуулын ерөнхий товчоо хянадаг гэж үздэг. Лазарус группийг өмнө нь 2014 онд "WannaCry" ransomware халдлага, олон улсын банк, харилцагчийн дансыг хакердсан, Sony Pictures-д хийсэн кибер халдлагад оролцсон гэж буруутгаж байсан юм.
Өнгөрсөн жилийн кибер халдлагын тухай тайланд "Умард Солонгос кибер халдлагаар хулгайлсан криптовалютаа мөнгө болгохын тулд маш болгоомжтойгоор угаах үйл явцыг эхлүүлсэн" гэжээ.
БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг хянадаг НҮБ-ын зөвлөл Пхеньяныг олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө дэмжих зорилгоор хулгайлсан хөрөнгөө ашигласан гэж буруутгадаг. Умард Солонгосын хакеруудын кибер халдлагад банкнаас эхлээд Холливудын кино студи хүртэл компаниуд өртсөн гэдгийг АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.