АНУ, Япон улс Номхон далайн өмнөд хэсэгт галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн цунамигийн давлагаанаас урьдчилан сэргийлэх үүднээс Номхон далайн эрэг орчмын иргэддээ эргээс холдохыг зөвлөжээ.
Япон улсын Онцгой байдлын газраас түгээсэн сэрэмжлүүлэгт дурдсанаар давлагааны өндөр гурван метр хүрч болзошгүй. Тус улсын өмнөд хэсэгт 1.2 метрийн давлагаа үүснэ гэжээ.
Харин АНУ-ын хувьд хүчтэй урсгал, давлагаа, эрэг орчмын үерийн аюулаас сэрэмжлүүллээ. Ийнхүү сэрэмжлүүлэх болсон шалтгаан нь далай доорх асар том галт уулын дэлбэрэлтийн улмаас метр гаруй долгион мэдрэгдсэнтэй холбоотой. Хунга Тонга-Хунга Хаапай галт уулын дэлбэрэлт Номхон далайн өмнөд хэсэгт мэдрэгдэн улмаар АНУ-д хүрчээ.
Нийслэл нь дэлбэрэлтээс өмнө зүгт 65 км (40 миль) зайд оршдог Тонга арлын олон хэсэг үнсэнд дарагдаж, цахилгаан, утасны шугам, интернетийн үйлчилгээ тасарчээ. Осол гэмтэл, хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт сүм болон хэд хэдэн байшингуудыг эргээс хальсан ус урсаж байгаа нь харагдах аж. Гэрчүүдийн хэлснээр нийслэл Нукуалофа үнсэнд дарагдсан. Аюулаас зугтаж буй хүмүүс замын түгжрэл үүсгэжээ.
Тонга арлын оршин суугч Мере Тауфагийн хэлснээр галт уулын дэлбэрэлт гэр бүлийнхэн нь оройн хоолонд бэлдэж байх үед болсон. Дүү нь ойролцоо бөмбөг дэлбэрч байна гэж бодсон гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. Шинэ Зеландын мэдээллийн Stuff.co.nz сайт "Миний зөн совин намайг дүүгээ шүүрэн авч, эцэг эх болон гэрт байсан бусад хүмүүс рүү хашхираад, ширээн доогуур нуугдахад хүргэсэн" гэж Мере Тауфагийн хэлснийг эш татсан байна.
Галт уулнаас оргилох хий, утаа, үнс нь тэнгэр өөд 20 км-т хүрсэн гэж Тонгагийн геологийн албанаас мэдээлэв. Харин Японд өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 23:55-д Кагошима мужийн Амами-Ошима арлын Коминато дүүрэгт 1.2 метрийн цунами бүртгэгдсэн байна.
Сува хотын албаныхны мэдээлснээр галт уулын дэлбэрэлт болсон эхний 8 минутад доргилт маш хүчтэй байсан тул 800 гаруй км-ийн зайд орших Фижи аралд "чанга дуугарах" мэт сонсогдсон аж.
Фижи улсын засгийн газар цунамигийн аюулаас сэрэмжилж, далайн эргийн бүс нутгуудад хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх төвүүдийг нээв. Номхон далайн өөр нэг арлын улс Вануату ч мөн адил анхааруулга гаргажээ. Окландын их сургуулийн галт уул судлаач, профессор Шейн Кронин хэлэхдээ, энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд Тонгад болсон хамгийн том галт уулын дэлбэрэлтийн нэг юм.
Австралийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нар нөхцөл байдлыг хянаж байгаа. Мөн хүсэлтийн дагуу дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Австралийн зүүн эрэг болон Тасманийн зарим хэсэгт цунамийн аюулаас сэрэмжлүүлэв. Тэгвэл Тонгагаас 2300 гаруй км-ийн зайд оршдог Шинэ Зеландын Онцгой байдлын үндэсний агентлаг Хойд арлын хойд болон зүүн эрэг дэх эрэг орчмын газруудад "хүчтэй бөгөөд ер бусын урсгал, эрэг дээр урьдчилан тааварлашгүй өндөр давлагаа, усны түвшин нэмэгдэх байдал" ажиглагдаж магадгүйг мэдэгдэж иргэдээ сэрэмжтэй байхыг анхааруулжээ.