Цар тахал дэлхий даяар тархсан цагаас эхлэн буюу хамгийн урт хугацаагаар хөл хорио тогтоосон Уганда хөл хориогоо цуцлан сургуулиудийнхаа хаалгыг нээлээ.
Ковид-19-ийн улмаас хоёр жил орчим боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоогоод байсан тус улс өнгөрсөн даваа гарагаас ийнхүү боловсролын салбарын хөл хориогоо цуцалсан юм. НҮБ-аас мэдээлснээр зүүн Африкийн тус улсад коронавирусын тахлын улмаас дэлхийн хэмжээнд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хамгийн удаан зогссон байна.
Угандагийн Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Деннис Мугимбагийн хэлснээр хөл хорионы дэглэм мөрдөгдөж эхэлснээс хойш нийт 15.5 сая хүүхэд хичээлдээ яваагүй гэнэ.
Их дээд сургуулиуд болон дээд боловсролын оюутнууд үе шаттайгаар сургуульдаа буцаж ирсэн боловч цэцэрлэг, бага ангийн сурагчид буюу зургаан сая орчим сурагч хөл хорионд байгаа хэвээр аж.
16 настай Рэйчел Ройтерс агентлагт хэлэхдээ "Би сургуульдаа буцаж байгаадаа баяртай байна. Энэ удаан хугацаанд гэртээ аюулгүй байх нь надад амаргүй байсан ч намайг аюулгүй байлгасан Бурханд талархаж байна. Би нягтлан бодогч болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд сургуульдаа буцаж очихыг маш их хүссэн" гэжээ.
Угандагийн албаны хүмүүс тахал өвчин эхлэх үед сургуульд сурч байсан хүүхдүүдийн гуравны нэг нь өөрсдийн хүслээр хичээлдээ явахгүй байх гэж мэдэгдсэн нь дэлхийн хамгийн залуу хүн амтай, ажилгүйдэл өндөртэй, ядууралтайгаа тэмцэж байгаа улсын шинэ үеийн ирээдүйн төлөв байдалд хүнд цохилт болно гэж шинжээчид дүгнэжээ.
Уганда улсын тэргүүн хатагтай, Боловсролын сайд Жанет Мусевени өнгөрсөн есдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ Уганда Ковид-19-ийн тархалтыг зогсоохыг оролдсон тул хүүхдүүд болон тэдний гэр бүлийг хамгаалахын тулд удаан хугацаагаар хаах шаардлагатай байсан гэдгийг онцлоод "Бид тэвчээртэй байж, багш нар, 18-аас дээш насны суралцагчид болон эмзэг бүлгийн хүн амаа үргэлжлүүлэн вакцинжуулалтад хамруулж, хүн амын эгзэгтэй хэсгийг хамгаалж чадсан гэдэгтээ итгэлтэй байна" гэж мэдэгдэж байлаа.
Боловсролын байгууллагууд хэвийн ажиллаж эхэлснээр энэ жил зургаан нас хүрч буй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсан эсэхээсээ үл хамааран нэгдүгээр ангид шууд орно. Мөн оюутнуудад засч залруулах, алдагдсан хичээлийг нөхөх үүднээс товчилсон сургалтын хөтөлбөрийг заах аж. Энэхүү төлөвлөгөөний дагуу оюутнууд 2-3 жилийн дараа алдсан цаг хугацаа, хичээлийн төлөвлөгөөгөө гүйцэж чадна гэж найдаж буйгаа Боловсролын сайд Мусевени онцолжээ.
Сургуулийг хаасан нь вирусын тархалтыг зогсоох бусад хатуу арга хэмжээний зэрэгцээ Угандад Ковид-19-ийн нас баралтын тоог бага байлгахад нөлөөлсөн сайн тал бас бий. Тус улсад одоогийн байдлаар Ковид-19-ийн 153000 орчим тохиолдол бүртгэгдэж, 3300 орчим хүн нас барсан гэсэн тоо гарчээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Уганда дахь төлөөлөгч Мунир Сафилдин “Сая сая хүүхэд сурч боловсрох эрхээ алдах эрсдэлтэй байна. Урт удаан хугацааны хөл хорионы дараа оюутнуудын гуравны нэг нь хэзээ ч сургуульдаа эргэж ирэхгүй болсон” гэсэн улсын төлөвлөлтийн газрын тооцоог иш татан хэлсэн нь хөл хориог удаан хугацаанд тогтоосны жинхэнэ үр дүнг тодорхойлоход хангалттай юм.