Энгийн ханиадны эсрэг байгалийн хамгаалалт нь Ковид-19-ээс тодорхой хэмжээгээр хамгаалах магадлалтай гэсэн судалгааны дүн гарчээ. Nature Communications сэтгүүлд Ковид-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүстэй хамт амьдардаг 52 хүний дунд хийсэн судалгааны дүнг нийтэлжээ.
Судалгааны дүнд улирлын ханиадны дараа тодорхой дархлааны эсүүдийн "санах ойн сан"-ыг бий болгосон хүмүүс Ковид-19-ийн халдвар авах магадлал багассан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хамгаалалт коронавирусээс бүрэн хамгаалах, вакцин л гол дархлаа үүсгэгч болох хэдий ч бие махбодын хамгаалалтын систем вирусийн эсрэг хэрхэн тэмцдэг талаар хэрэгтэй ойлголтыг өгч чадах аж.
Ковид-19 нь нэг төрлийн коронавирусаар үүсгэгддэг бөгөөд зарим ханиад нь бусад коронавирусаас үүдэлтэй байдаг тул эрдэмтэд нэгнийх нь эсрэг дархлаа нөгөөд тустай байж магадгүй гэдгийг судалгаагаараа харуулахыг зорьжээ.
Лондон хотын Эзэн хааны коллежийн баг яагаад зарим хүмүүс вируст өртсөний дараа Ковид-19-өөр өвчилдөг, зарим нь халдвар авахгүй байгааг тодорхой болгох үүднээс уг судалгааг хийсэн байна. Ингэхдээ тэд бие махбодын дархлааны тогтолцооны чухал хэсэг болох Т эсүүдэд судалгаагаа төвлөрүүлжээ. Эдгээр Т эсүүдийн зарим нь халдвар авсан эсийг устгадаг бөгөөд тэдгээрийн нэг нь улирлын ханиад, томууны вирус гэнэ.
Ханиад, томуу эдгэрсний дараа зарим Т эсүүд бие махбодид санах ойн сан болон үлдэж, дараагийн вирустэй тулгарах үед хамгаалалтыг бий болгоход бэлэн байдаг.
2020 оны есдүгээр сард хийгдсэн судалгаанд вакцинд хамрагдаагүй боловч Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсан хүмүүстэй хамт амьдарч байсан 52 хүн хамрагджээ. Уг судалгааны бүлгийн тал хувь нь 28 хоногийн туршилтын хугацаанд Ковид-19-ийн халдвар авсан бол үлдсэн хэсэг нь халдвар аваагүй байна. Ковид-19-ийн халдвар аваагүй хүмүүсийн гуравны нэг нь цусан дахь тодорхой санах ойн Т-эсийн түвшин нь өндөр байсан аж.
Редингийн их сургуулийн доктор Саймон Кларк хэлэхдээ, энэ нь харьцангуй жижиг судалгаа боловч бидний дархлааны систем вирусийн эсрэг хэрхэн тэмцдэг тухай ойлголтыг нэмж, ирээдүйн вакцинд тусалж чадна гэжээ.
"Коронавирус нь ханиадны дөнгөж 10-15 хувийг эзэлдэг тул саяхан ханиад хүрсэн хүн Ковид-19-өөс хамгаалагдсан гэж бодох нь ноцтой алдаа байж магадгүй" гэдгийг ч онцолсон байна.
Судалгааны ахлах зохиолч, профессор Ажит Лалвани вакциныг хамгаалах гол түлхүүр гэдгийг хүлээн зөвшөөрөөд "Бие махбодын зөв үйлдлээс суралцах нь вакцины шинэ. Сайжруулсан загвар гаргахад тусална" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Одоо хэрэглэгдэж буй коронавирусийн эсрэг вакцинууд нь вирусийн гадна талд байрладаг баяжуулалтын уургуудад тусгайлан чиглэгддэг боловч тэдгээр баяжуулалтын уураг нь шинэ хувилбараар өөрчлөгдөж болно. Харин хүний биеийн Т эсүүд нь вирусийн дотоод уургийг онилдог бөгөөд энэ нь хувилбараас хувилбарт төдийлөн өөрчлөгддөггүй. Тиймдээ ч Т эсийн ажлыг илүү нягт нямбай ашигладаг вакцинууд нь Ковидоос илүү өргөн, урт хугацааны хамгаалалтыг хангаж чадах аж.