Эрдэмтэд одоо агаараас гаргаж авсан ДНХ-г цуглуулж, шинжлэх боломжтой болсон бөгөөд үүнийг хийхэд ашигласан цоо шинэ техникүүд нь ховордсон амьтад, байгалийн экосистемийг судалж, хамгаалах арга замыг өөрчилж чадах юм.
Дани улсын Копенгагены амьтны хүрээлэн болон Их Британийн Хамертон амьтны хүрээлэнгээс дээж цуглуулж, нэг нь Дани, нөгөө нь Их Британи, Канадад байдаг хоёр судлаач бие даан ажиллаж, агаарт байгаа ДНХ-г ашиглан янз бүрийн амьтдын төрөл зүйлийг илрүүлэх боломжтой эсэхийг туршжээ.
Бүх амьд организмууд, тэр дундаа хүн, хог хаягдлыг гадагшлуулах, цус алдах, арьс, үсээ урсгах үед eDNA гэгддэг генетикийн материалыг хүрээлэн буй орчныхоо агаарт цацаж уусгадаг. Байгаль хамгааллын салбарын эрдэмтэд усан орчин тритон популяц зэрэг зарим зүйлийг хянахын тулд усаар дамждаг eDNA-г дарааллаар нь судалжээ.
Агаар дахь eDNA-г хянах нь усанд ууссан ДНХ-ээсээ илүү шингэн, нягтрал багатай учир хэцүү байдаг аж.
Судалгааны хоёр баг агаараас ДНХ-г шүүх өөр өөр аргыг хэрэглэсэн боловч амьтны хүрээлэнгийн дотор болон гадна ойролцоо нуугдаж буй амьтдыг олж тогтооход 2 шинжилгээ хоёулаа амжилттай болсон талаар Current Biology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Хамертон амьтны хүрээлэнд ажиллаж байсан баг бар, лемур, динго зэрэг 25 төрлийн амьтдын ДНХ-г илрүүлж чадсан гэж Их Британийн судалгааны багийн ахлагч, Канадын Йоркийн их сургуулийн туслах профессор, Хатан хааны их сургуулийн ахлах багш асан Элизабет Клэр хэлэв.
"Бид туршилт хийж байсан газраасаа хэдэн зуун метрийн зайд байгаа амьтдаас, тэр ч байтугай битүүмжилсэн барилгуудын гаднаас хүртэл eDNA цуглуулж чадсан. Амьтад дотор байсан ч ДНХ нь агаараар тархаж, илүү хол зайд цацагдсан байсан" гэж Клэр ярьжээ.
Копенгагены баг 49 төрлийн сээр нуруутан, 30 хөхтөн амьтдын ДНХ-г агаараас илрүүлж чадсан байна.
Копенгагены их сургуулийн Глоб институтийн дэд профессор, Данийн судалгааны тэргүүлэх нийтлэлч Кристин Бохманн "Бид үр дүнгээ хараад өөрсдөө ч гайхсан" гэжээ.
"Ердөө 40 дээжээс бид хөхтөн, шувуу, хоёр нутагтан, хэвлээр явагч, загасыг хамарсан 49 зүйл илрүүлсэн. Копенгагены амьтны хүрээлэнд бид цөөрөмд гаппи, хоёр хуруутай залхуу загас, боа хүртэл илрүүлсэн. Зөвхөн ганц гадаа талбайн агаараас дээж авахдаа тэмээн хяруул, хирс гэхчлэн амьтны хүрээлэнгийн тэр хэсэгт байгаагүй олон амьтдын мэдээллийг илрүүлсэн" талаараа профессор Бохманн онцолсон байна.
Копенгагены багийнхан амьтны хүрээлэн болон түүний орчмын орчноос агаар сорохдоо сэнс ашигласан бөгөөд үүнд амьсгал, шүлс, үслэг эдлэлээс гаралтай генетикийн материал буюу агаарт дэгдэж, агаарт хөвөх хэмжээний жижиг зүйл агуулагдаж байжээ.
Эрдэмтэд эхний ээлжинд агаарыг шүүж, ДНХ-г гаргаж аваад хуулбарлан, боловсруулсныхаа дараа ДНХ-ийн дарааллыг амьтны төрлийг тодорхойлохын тулд лавлагааны мэдээллийн сантай харьцуулах аргаар ажилласан аж.
Хоёр баг судалгааныхаа дүнд амьтны хүрээлэнд амьдардаггүй амьтад байгааг илрүүлсэн. Тэд Хамертон амьтны хүрээлэнгийн гаднаас илрүүлсэн Их Британид ховордсон Евразийн зараа зэрэг ойр орчмын газруудад амьдардаг амьтдыг, харин Копенгагены амьтны хүрээлэнгээс усны үлийн хулгана, улаан хэрэм зэрэг онцгой амьтдын ДНХ-г хүртэл илрүүлжээ.
Судлаачид амьтны хүрээлэнгийн хашаан дахь амьтдын нягтрал нь илрүүлэх магадлалыг зохиомлоор нэмэгдүүлсэн байж магадгүй гэж үзэж байгаа ч энэ техник нь эрдэмтэд төрөл зүйлийн зураглалыг тодорхойлж, камерын хавх, биечлэн хянах, хээрийн эрчимжүүлсэн судалгааны ажил гэсэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулдаг судалгаануудыг орлож чадна гэж үзэж байгаа юм.
"Агаараас дээж авах нь хуурай газрын биомониторингд хувьсгал хийж, амьтдын бүлгүүдийн бүрэлдэхүүнийг хянах, мөн уугуул бус зүйлийн довтолгоог илрүүлэх шинэ боломжийг олгоно" гэж Current Biology сэтгүүлийн нийтлэлд дурдагджээ.
Бусад орчны eDNA-г хамарсан техникүүд шинжлэх ухааны судалгаанд аль хэдийн чухал нөлөө үзүүлсэн. Археологичид эртний хүмүүсийн популяцыг ойлгохын тулд агуйн шорооноос олдсон eDNA-г ашиглаж байгаа бол Арктикийн дэлхийн цөмөөс авсан eDNA-аас мамонтууд болон мөстлөгийн үеийн бусад амьтад хаагуур тэнүүчилж байсныг илрүүлсэн юм. Тийм ч учраас үүнтэй төстэй аргуудыг хүний популяци дахь Ковид-19-ийг илрүүлэх, хянах зорилгоор бохир уснаас eDNA-г дээж аван ашиглах боломжтой гэдгийг судалгааны багийн эрдэмтэд онцлоод, удалгүй энэ талын шинжилгээ судалгааны ажлыг эхлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.