АНУ-аас аварга том далайн хэвлээр явагч гавлын яс олдсон нь хувьслын хурд, үйл явц нь олон янз төрөл зүйлийг хэр хурдан бий болгодог тухай хувьслын онолыг өөрчилж магадгүй гэнэ.
Хоёр метр (6.6 фут) урттай гавлын ястай, биеийн урт нь 17 метр (55.7 фут), 45 тонн жинтэй аварга том ихтиозаврын олдворыг Невада мужаас олсон юм.
Ихтиозавр нь 200 сая гаруй жилийн өмнө далайд ноёрхож байсан устаж үгүй болсон далайн хэвлээр явагчийн нэг төрөл зүйл. Сүүлд олдсон ихтиозаврын гавлын ясанд хийсэн шинжилгээгээр Cymbospondylus youngorum хэмээх шинэ зүйл илэрсэн байна.
Гавлын ясны шинжилгээ нь ихтиозавруудын биеийн хэмжээ халимын биеийн хэмжээ хэрхэн хурдан өөрчлөгддөг болохыг олж мэдэхийн тулд олон улсын багийн хийсэн томоохон судалгааны ажлын нэг хэсэг байсан бөгөөд энэ нь дөрвөн хөлтэй хуурай газрын сээр нуруутан амьтдын өөр нэг бүлэг юм.
"Ихтиозаврууд асар богино хугацаанд буюу хувьслын хувьд ердөө 3 сая жилийн хугацаанд асар том биетэй болсон. Халимуудын хамгийн том бие нь тэр хэмжээндээ хүрэхийн тулд 45 сая жил зарцуулсантай харьцуулбал ихтиозавруудын хувьсал маш богино хугацаанд явагддаг гэсэн үг" гэж Скриппс коллежийн биологийн тэнхимийн дэд профессор Ларс Шмитц тайлбарлажээ.
Калифорниа мужийн Кларемонт дахь Кларемонт МакКенна, Питцер, Скриппс коллежуудын хамтарсан шинжлэх ухааны хэлтэс болох Кекийн шинжлэх ухааны хэлтэс ихтиозаврын гавлын ясны судалгааг хийж байгаа гол баг юм.
Профессор Ларс Шмитц чулуужсан ясыг судалж байгаа багийн гол хүн бөгөөд "Энэ чулуужсан олдвор нь хэрэв экологийн нөхцөл байдал хэвийн, байгаль орчны тогтвортой байдал тодорхой хэмжээнд байвал хувьсал маш хурдан явагдах боломжтойг харуулж байгаа" гэдгийг онцолсон байна.
Шмитц олон улсын судлаачдын багтай хамтран олдворыг шинжилж, ихтиозаврыг шинэ зүйл болохыг тодорхойлж, филогенетик модыг бий болгож, янз бүрийн биологийн зүйлийн хоорондын хувьслын хамаарлыг харуулсан диаграммыг бүтээж, дараа нь түүний хурдыг харьцуулсан тооцооллын шинжилгээг удирдан явуулжээ.
Невада мужаас олдсон ихтиозаврын олдвор нь "Их сүйрэл"-ээс хойш ойролцоогоор таван сая жилийн дараа оршин тогтнож байсан амьтны аймгийн хөндлөн огтлолыг хадгалсан чулуулгаас олдсон бөгөөд үүнд хадгалагдсан гавлын яс, мөр, сэрвээтэй төстэй урд мөч нь сайтар хадгалагдан үлджээ. “Их сүйрэл”-ийн үе 252 сая жилийн өмнө болсон бөгөөд энэ үед дэлхийн далайн амьтдын 81 хувь нь устаж үгүй болсон.
Триасын далай орчинд аммонит, далайн амьтан элбэг байв. "Тэр үеийн далай манай орчин үеийн далайгаас эрс ялгаатай байсан" гэж Шмитц тайлбарлаад "Өнөөгийн халимнуудыг тэжээж байгаа орчин үеийн далайн экосистем нь маш том биетэй планктонуудаас бүрддэг. Cymbospondylus youngorum-ын үед экосистем ийм байгаагүй. Бид далай тэнгис ийм хэмжээтэй амьтныг тэсвэрлэх чадваргүй гэж үздэг байсан тэрхүү эрин үед амьдарч байсан аварга ихтиозаврыг олсон" гэжээ.
Уг нээлт нь Шмитц болон судалгааны багийнханд хувьсал хэр хурдан явагдаж, олон янз байдалд хүргэж болох тухай шинэ ойлголттой болгосон байна.