Өнгөрсөн ням гарагт Суданд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр иргэн амиа алдсан харамсалтай явдал боллоо.
Жагсаалын үеэр хүчний байгууллагынхан жагсагчдын дунд мөргөлдөөн үүссэний улмаас 2 хүн амиа алдсан талаар НҮБ-ийн эмч нар мэдэгдсэн юм. Хүчний байгууллага жагсагчдыг дарахын тулд хүч хэрэглэж байсан гэдгийг ч НҮБ-ийн ажилтнууд онцгойлон дурдсан байна.
НҮБ-ын Хүний эрхийн алба Суданд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр аюулгүй байдлын хүчнийхний хүчирхийлэлд өртсөн гэх 13 мэдээлэл хүлээн авсан гэж мэдэгдсэн.
Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаал нь 10-р сарын 25-нд болсон цэргийн эргэлт, 11-р сарын 21-ний өдөр Ерөнхий сайд Абдалла Хамдокыг эргүүлэн томилох тухай хэлэлцээрийг эсэргүүцснээс үүдэлтэй. Судалны нийслэл Хартум хотод олон зуун мянган хүн цугларч тайван жагсаж байгаад бүрэнхий болох үед тарсан ч зарим жагсагчид хүчний байгууллагынхантай муудалцснаас тайван жагсаал эцэстээ хүчирхийллийн шинжтэй болж иржээ.
НҮБ-ын Хүний эрхийн албаны хэвлэлийн төлөөлөгч Лиз Тросселл мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, тус албанд хүчирхийлэл үйлдсэн гэх 13 мэдүүлэг, мөн аюулгүй байдлын албаныхан жагсаалд оролцсон эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл ирсэн гэдгийг дурдсан юм.
"Хүчингийн хэрэг, бэлгийн дарамтын гэмт хэрэг, түүнчлэн шаардлагагүй, зүй бусаар хүч хэрэглэсний үр дүнд жагсагчид амь насаа алдаж, шархадсан гэх гомдлыг шуурхай, хараат бус, нарийвчилсан байдлаар мөрдөн шалгахыг бид уриалж байна" гэж төлөөлөгч Лиз Тросстэлл хэлжээ.
Суданы Нийгмийн хөгжлийн яамны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга Сулейма Исхак "Франс Пресс" агентлагт өгсөн тайлбартаа “Ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагч хоёр эмэгтэй хүчирхийлэлд өртсөн” талаар мэдээлсэн бөгөөд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс хэн болохыг хэлээгүй байна. Нэг эмэгтэй бэлгийн дарамтад орсон талаараа мэдүүлэг өгсөн бол нөгөө эмэгтэй нь хууль ёсны арга хэмжээ авахуулахаас татгалзсан аж.
Харин амиа алдсан гэх хоёр иргэний талаар эх сурвалжууд олон янзаар мэдээлж буй. Нийслэл Хартумаас холгүй орших Омдурманд аюулгүй байдлын хүчнийхэн нэг хүнийг толгойд буудсан гэх мэдээлэл цацагдаад байгаа бол нөгөө хохирогчийн талаарх мэдээлэл бүрхэг байгаа юм.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр Хартум, Омдурманаас гадна өөр хэд хэдэн хотод хүчнийхний жагсаал тараахаар хэрэглэсэн жинхэнэ сум, нулимс асгаруулагч хийнээс болж гэмтэж шархадсан хүний тоо 300-д хүрчээ.
“Дарфурын хуульчдын холбоо” гэх хүнийэрхийн байгууллага мэдэгдэлдээ “Жагсаалын үеэр хүчингийн хэрэг гарч байгаа нь хувьсгалчдын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл хөгжиж байгааг илтгэж байгаа тул гэмт этгээдүүдийг яллах кампанит ажилд нэгдэх нь хүн бүрийн үүрэг юм. Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн ард тодорхой бүлэг хүмүүс бий" гэж мэдэгдэв.
Харин нөгөө талд Цэргийн удирдагч Абдель Фаттах аль-Суданы хүчний байгууллага үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, ард түмний ардчиллын хүсэл тэмүүллийн талд байгаа гэж мэдэгджээ.