Урьд өмнө олдож байгаагүйгээр бүрэн төгс хадгалагдсан үлэг гүрвэлийн өндөг олдсон байна. Бүрэн хөгжиж өндгөн дотроо атиралдан биежсэн уг олдвор үлэг гүрвэл, шувуудын хоорондын холбоог судлахад илүү сайн тусална гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
70 сая жилийн настай уг үнэт олдворыг БНХАУ-ын музейд Baby Yingliang нэрээр хадгалж байна. Овираптор үлэг гүрвэлийн үр хөврөлийн урт нь 17 см, толгойноосоо сүүл хүртлээ нийт 27 см урттай. Эрдэмтэд үр хөврөлийг насанд хүрсэн үедээ 2-3 метр урт болох байсан гэдгийг тооцоолон гаргажээ.
Өмнө олдож байсан овирапторын олдворууд Baby Yingliang шиг бүтнээрээ олдож байгаагүй юм. Канадын Калгарийн Их сургуулийн геошинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Дарла Зеленицки “Үлэг гүрвэлийн нялх яс нь маш хэврэг, жижиг хэмжээтэй байдаг. Тиймдээ ч олон мянган жилийг давж хадгалагдаж үлдэх нь ховор байдаг. Би 25 жил үлэг гүрвэлийн олон өндөгнүүд дээр ажиллаж судалж байсан ч үүнтэй төстэй олдвортой таарч байгаагүй. Энэ бол маш гайхалтай сорьц болно” гэж iScience сэтгүүлд нийтлэгдсэн судалгаандаа онцолжээ.
Эрдэмтэд үр хөврөлийн олдвор дээр тулгуурлан үлэг гүрвэлийн зулзагыг сэргээн босгож, 34 байдлаар бүтээхээр ажиллаж байна. Хятад, Их Британи, Канадын судлаачид Baby Yingliang болон бусад өмнө нь олдсон өндөгний үр хөврөлийн байрлалыг судалжээ. Тэд үлэг гүрвэлүүдийн өндөг нь шувуудтай төстэй байдлаар тээж, үр хөврөл томрох явцдаа үлэг гүрвэлийнхээ жинхэнэ шинжийг олдог гэдгийг тогтоосон байна.