Дэлхий даяарх далай, хөрсөн дэх бичил биетүүд хуванцраар хооллодог болон хөгжиж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Хүрээлэн буй орчноос авсан ДНХ-ийн дээжээс олдсон 200 гаруй сая генийг шинжлэхэд 10 төрлийн хуванцрыг задлах чадвартай 30, 000 өөр ферментийг илрүүлжээ. Энэхүү судалгаа нь нянгийн хуванцар задлах чадамжийн талаарх дэлхийн хэмжээнд хийсэн анхны том хэмжээний үнэлгээ бөгөөд шинжилгээнд хамрагдсан дөрвөн организм тутмын нэг нь тохирох фермент агуулдаг болохыг тогтоожээ. Тэдний нээсэн ферментийн тоо, төрөл нь өөр өөр байршилд байгаа хуванцар бохирдлын хэмжээ, төрөлтэй тохирч байгааг судлаачид тогтоосон байна.
Судалгааны дүнд "хуванцар бохирдол дэлхийн микробын экологид хэмжигдэхүйц нөлөө үзүүлж байгааг нотолж байна" гэдгийг судалгааны багийн эрдэмтэд онцолжээ. Жил бүр сая сая тонн хуванцрыг байгаль орчинд хаядаг бөгөөд одоо Эверестийн оргилоос хамгийн гүн далайн ёроол хүртэл бохирдож, уг бохирдол дэлхий даяар тархаж байна. Ашигласан хуванцрын хэмжээг багасгах, хог хаягдлыг зөв цуглуулах, боловсруулах нь амин чухал болсон гэдгийг дээрх судалгаа нотолно.
Харамсалтай нь одоогоор олон төрлийн хуванцар задлах, дахин боловсруулахад хэцүү хэвээр байна. Хуванцрыг барилгын блок болгон хурдан задлах ферментийг ашиглах нь хуучин бүтээгдэхүүнээс шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгож, шинээр хуванцар үйлдвэрлэх явцыг багасгах юм.
"Дэлхийн микробиомын хуванцрыг задлах чадвар нь хүрээлэн буй орчны хуванцар бохирдлын хэмжээтэй маш нягт хамааралтай болохыг батлах олон тооны нотлох баримтыг бид олсон нь байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан чухал нотолгоо юм. Энэ нь бидний үзүүлж буй дарамт шахалтад байгаль дэлхийн үзүүлж буй хариу үйлдэл юм” гэж судалгаа хийсэн Шведийн Чалмерс технологийн их сургуулийн профессор Алексей Зелезняк хэлэв.
Хүн төрөлхтөн сүүлийн 70 жилийн хугацаанд жилд 2 сая тонноос 380 сая тонн хуванцар үйлдвэрлэж байсан нь микробуудад хуванцартай тэмцэх цаг өгсөн гэж судлаачид онцлов. Microbial Ecology сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь хогийн цэг болон хуванцраар дүүрсэн үүнтэй төстэй газруудад ихэвчлэн байдаг хуванцрыг задалдаг 95 бичил биетний ферментийн мэдээллийн багцыг цуглуулснаар эхэлсэн аж. Улмаар судалгааны багийнхан дэлхийн 236 өөр газраас бусад судлаачдын авсан хүрээлэн буй орчны ДНХ-ийн дээжээс ижил төстэй ферментүүдийг хайжээ. Хамгийн чухал нь судлаачид хуванцар задалдаг фермент агуулаагүй хүний гэдэсний ферментүүдтэй анх тодорхойлсон ферментүүдийг харьцуулж хуурамч эерэг үр дүнг хүртэл үгүйсгэх хэмжээний далайцтай судалгааг хийж чадсан байна.
Нийт 67 газар, гурван өөр далайн гүнээс авсан дээжээс 12, 000 орчим шинэ фермент олдсон байна.
Харин хөрсний дээжийг дэлхийн 38 орны 169 байршил, 11 өөр амьдрах орчноос авсан бөгөөд 18, 000 хуванцар задалдаг фермент агуулж буйг тогтоожээ. Хөрс нь далай тэнгисээс илүү фталат нэмэлттэй хуванцар бодис агуулдаг нь мэдэгдсэн бөгөөд судлаачид хуурай газрын дээжээс эдгээр химийн бодисуудад халддаг илүү олон ферментийг илрүүлсэн гэнэ. Шинэ ферментүүдийн бараг 60% нь ямар нэгэн мэдэгдэж буй ферментийн ангилалд багтдаггүй гэдгийг тодорхойлсон төдийгүй тэдгээрийн молекулууд хуванцрыг шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй байсан аргаар задалдаг гэж үзсэн байна.
"Бидний дараагийн алхам бол хамгийн ирээдүйтэй ферментийн “нэр дэвшигчид”-ийг лабораторид турших бөгөөд тэдгээрийн шинж чанар, хуванцар задралын хурдыг нарийвчлан судлах болно" гэж профессор Алексей Зелезняк хэлэв. Ингэж байж тодорхой төрлийн полимерт зориулсан функц бүхий бичил биетний бүлгүүдийг үүсгэж болох аж.
Сануулахад, Хуванцар иддэг анхны хортон шавьжийг 2016 онд Японы хогийн цэгээс илрүүлсэн. Эрдэмтэд 2018 онд хуванцар савыг задлахдаа илүү сайн фермент бий болгож, улмаар 2020 онд хийсэн нэмэлт өөрчлөлтүүд нь задралын хурдыг зургаа дахин нэмэгдүүлсэн.
Өөр нэг мутант ферментийг Carbios компани 2020 онд бүтээсэн бөгөөд хуванцар савыг хэдэн цагийн дотор дахин боловсруулах зорилгоор задалдаг. Германы эрдэмтэд ихэвчлэн хогийн цэгт хаядаг хорт хуванцар полиуретанаар хооллодог бактерийг мөн илрүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд хүний хоол хүнсээр дамжуулан иддэг микро пластикуудын хэмжээ лабораторид хүний эсийг гэмтээж байгааг илрүүлсэн гээд энэ чиглэлийн шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж буй юм.