Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн улс орнууд хилээ хааж, тэр хэрээр аялал жуулчлалын салбар хүндхэн байдалд орсон. Энэ оны дундаас ихэнх орнууд хилээ нээж аялагч жуулчдыг хүлээн авч эхэлсэн ч шинэ хувилбар болох дельта, улмаар омикроноос үүдэн ахин хилээ хаахаас өөр аргагүй болоод буй. Зарим улс тус улсын хилээр нэвтрэхээс 24 цагийн өмнө коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн иргэдийг нэвтрүүлэх журам хүртэл баталсан. Харамсалтай нь коронавирусийн халдварын шинжилгээ үнэтэй, зарим тохиолдолд нислэгийн тасалбараас ч үнэтэй тусаж байна.
Олон улс орнууд коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авч буй ч аялал жуулчлалын чиглэлээр хил нэвтэрч буй хүмүүс шаардлагад нийцсэн шинжилгээ өгөхдөө тухайн улсын Засгийн газар, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооноос илүүтэйгээр хувийн компаниудад өгөхөөс аргагүй болж байна.
Ковид-19-ийн улмаас 2021 онд аялал жуулчлалын салбарт 1.6 их наяд ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоог шинжээчид гаргасан бөгөөд энэ тоо омикрон хувилбараас үүдэн нэмэгдэх магадлалтай.
Аялал жуулчлалын журмаар хил нэвтрэхээр өгч буй PCR-ын шинжилгээний үнэ улс бүрд харилцан адилгүй байгаа аж. Коронавирусийн шинжилгээ Мумбайд 10 ам.доллар орчим, Кени улсад 80 орчим ам.доллар, Японы Кансай хотод 400 гаруй ам.доллар байна. арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар АНУ-ын хилээр нэвтрэхээс 24 цагийн дотор антигенийн мэдрэмж багатай, түргэвчилсэн шинжилгээ нь Британийн нисэх буудлын шинжилгээний цэгт 50 орчим ам.доллар, Осло хотын нисэх онгоцны буудал дээр 134 долларын үнэтэй байна.
Харин Европын улсууд руу нэвтрэх зөвшөөрөл болж буй PCR шинжилгээний улс хоорондын нэг талын нислэгийн тасалбараас хэд дахин үнэтэй байна.
АНУ-ын Вашингтон хотод төвтэй Олон улсын агаарын тээврийн холбооноос 9-р сард хийсэн судалгаагаар зорчигчдын 70 хувь нь PCR шинжилгээний зардал нь "аяллын зардлыг нэмэгдүүлж, санхүүд хүндрэл үүсгэж байна" гэсэн санал өгчээ.
Одоогийн байдлаар PCR шинжилгээ нь коронавирусийг илрүүлэх “алтан стандарт” болоод буй. Олонх улсууд хилээр нэвтрэхээс өмнөх 48-аас 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариуг коронавирусын эсрэг дархлаажуулах тарилгаас чухалд үзэж байгаа юм.
Зарим засгийн газрууд үнийн хяналтыг тогтоож эхэлсэн ч нөхцөл байдалд хангалттай нөлөөлж чадахгүй хэвээр байна. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улс PCR шинжилгээний үнийн хязгаарыг 14 ам.доллараар тогтоосон бол Энэтхэгийн Махараштра мужид 8 ам.доллароос хэтрэхгүй байхыг үүрэг болгожээ.
Франц улс жуулчдаас үнэ төлбөргүй коронавирусийн шинжилгээ авч байсан бол тус улсын жуулчид бусад оронд нэвтрэхдээ PCR-ийн шинжилгээнд хөнгөлөлт эдлэхгүй байгаагаас болж журмаа өөрчлөн төлбөртэй болгосон.
Омикрон хувилбар бүртгэгдсэнээс үүдэн Их Британийн хилээр нэвтрэх хүн бүрээс PCR шинжилгээний хариу шаардах болж, улмаар шинжилгээний үнэ 170 ам.долларт хүрчээ.
Коронавирусаас үүдэлтэй хямрал дэлхийн бүх улс орны бүх салбарт сөрөг нөлөө үзүүлж буй бөгөөд байдал хэзээ нааштай болж, хямралаас гарахыг эрүүл мэнд, эдийн засгийн мэргэжилтнүүдийн аль нь ч хэлж чадахгүй байна.