Эмнести Интернэшнлийн шинэ тайланд Парагвай улсын бэлгийн хүчирхийлэл, үр хөндөлтийг хязгаарлах хууль охидын жирэмслэлтийн тоог нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байгааг онцлон анхааруулжээ. "Тэд бол охид, ээжүүд биш" гэсэн гарчигтай тайланд Парагвайд хүүхдүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хямрал гарч, улмаар Парагвайн хуулийн дагуу охид жирэмслэлтээ “таслуулах” боломжгүй болж, хүүхэд төрүүлэхээс өөр аргагүйд хүрч байгааг дурдсан байна. Тус улсад 2019-2020 оны хооронд 14 ба түүнээс доош насны 1000 орчим охин, 15-19 насны 12 мянга гаруй өсвөр насны охин амаржжээ.
Өмнөд Америкийн бүс нутагтаа үр хөндөлтийг хязгаарласан хамгийн эрс тэс хуулийг Парагвайн хууль тогтоох байгууллага баталсан бөгөөд эхийн амь насанд аюул учирч болзошгүйг эс тооцвол бараг бүх тохиолдолд үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан юм.
Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын (PAHO) мэдээлснээр Парагвай нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад хүүхэд, өсвөр үеийнхний жирэмслэлтийн түвшин хамгийн өндөрт тооцогддог улс аж.
Эрт төрөлт нь эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулдаг. “Aюулгүй үр хөндөлтийн эсрэг Латин Америкийн консорциум”-ын мэдээлснээр 15-аас доош насны охид жирэмслэлттэй холбоотой хүндрэлээс болж нас барах магадлал үр хөндөлтийн хүндрэлээс даруй дөрөв дахин их байдаг гэжээ.
Парагвайд 10-19 насны охид, өсвөр насны хүүхдүүд улсын хэмжээнд арван эхийн эндэгдэл тутмын нэг, түүнчлэн аюулгүй бус үр хөндөлтийн улмаас нас барсан эхийн 13 хувийг эзэлж байна гэж Эмнести Интернэйшнл байгууллагаас мэдээлэв.
Парагвай улс 2018 онд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, өсвөр насныхныг цогцоор нь хамгаалах хууль баталсан. Гэвч уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэлдээ дурдаж, залуучуудын эрх ашгийг хамгаалах тал дээр “төрийн зохистой бодлого байхгүй, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд нөхөн сэргээхэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг цоорхойг Хүний эрхийн төлөөх байгууллагууд онцолдог.
Эмнести Интернэшнл байгууллагын Америк хариуцсан захирал Эрика Гевара-Росас "Охид хүчирхийлэлгүй амьдрах эрхтэй. Хэн нэгнийг жирэмслэлтээ үргэлжлүүл гэх нь, ялангуяа хүчингийн хэргийн үр дагавар болсон жирэмслэлтээ үргэлжлүүлэх нь эрүү шүүлт гэж үзэж болохуйц хүчирхийллийн нэг хэлбэр юм" гэж хэлжээ.
Тус улсын Прокурорын газар 2019 онд л гэхэд хүүхэд, өсвөр насныхны эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай өдөр бүр дунджаар 12 мэдээлэл хүлээн авдгийн цөөнгүй нь жирэмсэлж үлддэг тухай тайланд дурджээ.
Парагвай үр хөндөлтийг хязгаарласан байр суурьтай байсан нь өмнө нь ч олон улсын анхаарлыг татаж байсан. 2015 онд Парагвайн эрх баригчид үр хөндөлтийг хязгаарлах хууль баталсны дараа дараа 11 настай охин амаржсан тохиолдол гарч байсан билээ. Охин 10 настайдаа хойд эцгээсээ жирэмсэн болсон хэдий ч хуулийн дагуу хүүхдээ төрүүлэхээс өөр сонголтгүй болсон аж.