Рио Тинто компани 6.75 тэрбум долларын өртөг бүхий Монгол дахь зэсийн уурхайн асуудалтай холбоотой ICG буюу бие даасан тайлангийн дүгнэлтийг эсэргүүцэж, буруу менежмент биш харин геологийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан гэжээ.
Оюу толгой төслийн талаар Риогийн түншүүдийн захиалгаар хийсэн Хараат бус хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайланд өнгөрсөн сард уурхайн гүний өргөтгөл бараг хоёр жил хоцорч, төсөвт 1.45 тэрбум доллар зарцуулагдсан гол шалтгаан нь менежмент тааруу байсан гэж дүгнэсэн. Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Нямбаатарт бичсэн Рио Тинтогийн захидлыг иш татан Financial Times сонинд бичсэнээр бол "Засгийн газрын ажил удааширч байгаад бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ ICG-гийн тайланд урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн дүгнэж чадаагүй” гэжээ.
Монголын засгийн газраас Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор Рио Тинтогоос ил тод байдлыг шаардаж байгаа. Энэ асуудал даамжирвал Рио Тинто болон Монгол улсын засгийн газар хооронд хурцадмал байдал үүсгэж болзошгүй юм.
Рио Тинто компанийн төсөл хариуцсан захирал Марк Давиес хэлэхдээ "Энэ тайланд геотехникийн нөхцөл байдлын талаар зөрүүтэй мэдээллийг өгч байгаад санаа зовниж байна. ICG -ийн гаргасан тайлан төслийн цар хүрээ болон чухал мэдээллүүдийг бүрэн дүүрэн авч чадаагүй учраас буруу ойлголт төрүүлэх магадлалтай. Хяналтын үйл явцын зарим тал, ялангуяа төсөлд урьд нь оролцож байсан зарим шинжээчдийн бие даасан хараат бус байдал дутагдалтай байгаа талаар бид санаа зовж байсан ч тэдний ажилд бүтээлчээр тусалсан. Харилцагчдадаа үнэн бодит мэдээллийг өгч байгаа. Оюу толгойн ажиллах хүчний 96 хувь монголчууд байгаа нь анх тооцоолж байснаас ч өндөр тоо. Үндэсний ажиллах хүчинд хөрөнгө оруулсан нь төслийн өртөг, болон хуваарьт нөлөөлсөн” хэмээн онцолжээ.
Харин ICG -с гаргасан мэдэгдэлд "Рио тинто манай баримт бичгийн талаар албан ёсны хариу бидэнд өгөөгүй байгаа тул бид гаргасан дүгнэлтийн хариуг тууштай баримталж байгаа ” гэжээ.
Газар доорхи уурхайн өргөтгөлийн ажил дуусмагц Оюу толгой нь жилд ойролцоогоор 500 мянган тонн металл үйлдвэрлэх чадвартай дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болно. Энэ хугацааг 2020 оны сүүлээр гэж тооцоолж байсан ч төслийн удаашралтаас болж 2022 оны 10 дугаар сард болсон нь Монгол улсын Засгийн газар болон Рио Тинто нарын маргаан үүсэх шалтгаан болсон юм.
Эх сурвалж: todayuknews.com