Дэлхий дээр хүнсний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 33 хувиар өссөн байна. Энэ тухай судалгааг НҮБ-ын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас гаргажээ. Тус байгууллагын хувьд сар болгон хүнсний үнийн индексийг гаргадаг бөгөөд өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад хүнсний үнэ 3 хувиар өсчээ. Энэ үзүүлэлт нь 2011 оноос хойш бүртгэгдэж байгаа хамгийн өндөр тоо юм.
Хүнсний индексийг гаргахдаа олон улсын зах зээлд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тооцдог. Бодит үнийн индексд хөрвүүлэх юм бол энэ нь 2002-2004 оны хоорондох үнийн дундаж түвшинтэй дүйцэж байгаа юм. Хүнсний үнийг хянадаг стандартын дагуу энэ судалгааг хийхдээ инфляцийг хасч байгаа гэсэн үг юм. Харин тохируулсан үнэ буюу жил болгоны инфляцын хувьд нийцүүлэн гаргаж байгаа үнийг нэрлэсэн үнэ гэх бөгөөд энэ нь зах зээлээс хоол хүнс худалдан авах дундаж үнийг тогтоож өгдөг юм. Инфляцид тохируулсан үнэ (эдийн засагчид үүнийг "бодит" гэж нэрлэдэг) нь хүнсний аюулгүй байдалд хамааралтай байдаг. Мөн дэлхий нийтэд бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дундаж орлогын өсөлтөөс илүү хурдан байгааг онцоллоо.
Сүүлийн жилд огцом нэмэгдэж байгаа хүнсний үнийн өсөлтийг судлаачид цар тахал болон шатахууны үнэ мөн цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал хүнсний голлох бүтээгдэхүүн болох үр тарианы үнэ дунджаар 50 хувиар нэмэгдсэн юм. Үүнд пандемикийн үеийн тариаланчдын ажил зогссон мөн тээвэрлэлт багассан зэрэг нь нөлөөлжээ.