Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэгээс (APDA) “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн цаана зөвхөн эрүүл мэндийн салбарын хүндрэл бэрхшээлээс гадна нийгэм-эдийн засаг, хүний эрхийн асуудал хөндөгдөж байгааг анхааруулсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цар тахлын дэгдэлт, түүнээс үүдсэн хөл хорио, эдийн засгийн хямралын цаана ажилгүйчүүдийн тоо өсөх, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх, цаашлаад хүсээгүй жирэмслэлт, эхийн эндэгдэл өсөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал орхигдох, хүйсээр ялгаварласан хүчирхийлэл газар авах зэрэг олон сөрөг зүйл ажиглагдах болжээ. Жишээ татахад Бангладеш, Шри Ланк, Мьянмар зэрэг улсад гэр бүл төлөвлөлт алдагдах, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх, өсвөр насны охид сургууль завсардах зэргээс болж ирэх онд эхийн эндэгдэл 17-43 хувиар өсөх тооцоо гарсан байна. Харин Шри Ланкад хөл хорионд буй охид, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх 24 цагийн тусламжийн утас ажиллаж байгаа бөгөөд тусламж хүссэн эмэгтэйчүүдийн 96 хувь нь ар гэрийн ажил нэмэгдсэн нь ихээхэн дараа болж байна, бухимдаж ганцаардах нь нэмэгдсэн, мөнгө санхүүгийн асуудлаас болж эр нөхөр, ар гэрийнхэнтэйгээ таарамжгүй болсон зэрэг зовлон тоочжээ.
Энэ сарын 19-нд Кенийн нийслэл Найроби хотод болсон НҮБ-ын Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агентлагийн (UNFPA) чуулганаар мөн уг асуудлыг хэлэлцсэн байна. 25 жилийн өмнө болсон Олон улсын хүн ам, хөгжлийн чуулганы ойг тохиолдуулан зоригсод дээрх чуулганы үеэр хүний эрхийн төлөө тэмцэгч, идэвхтэн, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид цар тахлын цаана хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг тоон үзүүлэлтэд тулгуурлан нарийн судлах үүрэг авчээ.