1970-2016 оны хооронд дэлхийн бүх зэрлэг ан амьтны тоо толгой 70 хувиар хорогдсоныг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас гаргасан “Living Planet Report 2020” тайланд онцоллоо. Латин Америкийн орнууд болон Карибын арлуудад энэ үзүүлэлт бүр 94-84 хувьд хүрчээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан хоёр жилд нэг удаа зэрлэг амьтны тоо толгойн судалгаа хийдэг байна. Хэдхэн хоногийн өмнө гарсан дээрх судалгаанд хүний хэрээс хэтэрсэн хэрэглээ, хүн амын хэт өсөлт, дэлхийн худалдааны эргэлт, хотжилт зэрэг нь байгаль экологи сүйдэхэд хамгийн их нөлөөлснийг тэмдэглэжээ. Хүний зүй бус үйлдэл, газар тариалангийн хэт хөгжлөөс болж дэлхийн бүх ойн 80 хувь сүйдэж, цэвэр усны нөөцийн 70 хувь дундарсныг мөн уг тайланд онцолсон байна. Энэ нь 500 мянга орчим амьтан, мөн тооны ургамал нийлсэн нийт сая гаруй төрөл зүйлийг мөхлийн ирмэгт аваачжээ. Гэтэл зөвхөн хоол хүнсний үйлдвэрлэл, түгээлтээс болж байгаль экологи ийн сүйдэж байхад дэлхийн хэмжээнд боловсруулж байгаа бүх хоол хүнсний гуравны нэг нь буюу жил бүр 1.4 тонн хүнсний бүтээгдэхүүн хаягддаг байна. Энэ нь эргээд сая сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж, байгаль орчныг бүр илүү доройтуулна гэж уг тайланд мөн онцолжээ.
Энэ онд газар авсан цар тахлын дэгдэлт, ой хээрийн түймэр, үер усны гамшиг ч байгаль орчны доройтол, экологийн сүйрэлтэй холбоотойг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Зэрлэг ан амьтны тоо толгой хорогдож, тархац нутаг нь хумигдсанаар зөвхөн байгальд, зэрлэг амьтанд байх вирус хүнд халдварлах нь нэмэгдэнэ. Энэ нь цаг үеийн экологийн сүйрлийн шууд нөлөө, цаашид жил бүр 2.5 тэрбум хүн амьтны гаралтай өвчнөөр өвчилж, гурван сая нь амь үрэгдэж байна гэсэн тооцоог дээрх тайланд мөн хавсаргасан байна.