УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд бараг талдаа орж явна. Сонгуулийн сурталчилгаа гэдэг нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө олон түмэндээ таниулах хамгийн том боломж.
Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас ялгаатай нь ялсан намын дарга шууд Ерөнхий сайд болж, өөрийн тэргүүлэх Засгийн газрыг бүрдүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт шууд хэрэгжинэ. Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлыг хэрхэн үргэлжилж байгааг харахад нам, эвслүүд ер нь хар пиараар биш бодлого, мөрийн хөтөлбөрөө барьж, ярьж өрсөлддөг болсон нь харагдаж байна.
Энэ хооронд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаасаа нэр дэвшүүлсэн хүмүүстэй нөмөр нөөлгөө үзүүлж аймгуудаар явж, ард иргэдтэйгээуулзаж явна.
Гэтэл өрсөлдөгч хамгийн том сөрөг хүчин болох АН-ын дарга С.Эрдэнийн хувьд намынхаа төв байр “Шонхор тауэр” цаашлаад өөрийн нэр дэвшсэн Баянгол дүүргээс цааш гарахгүй явна. Үүнийг МАН ба У.Хүрэлсүх давшиж, АН ба С.Эрдэнийг нуувчинд хэвтэж байна гэж зүйрлэмээр санагдана. Үүний учрыг тайлж үнэнийг олонд хүргэмээр.
Харин АН-ын тухайд Ц.Элбэгдорж болон ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүлэглэл, С.Эрдэнэ ба З.Энхболдын бүлэглэлүүд нэр дэвшигчдээ гурав хувааж багцалсан. Тэдэн дунд нь Монголын улстөрд 30 жил яваад одоо шинэ цаг үеэ гүйцэхээ больсон өвгөд, бүлэглэлийн ах нарын гар хөл болж байж өгсөх замд орсон гэх залуус, улаан цайм намынхаа дүрэм, журмыг зөрчин өчигдөр АН-д элсээд өнөөдөр нэр дэвшигсэд гээд хэцүүхэн хүмүүс байгаа. Тэдэн дээр очоод ч яах билээ.
Тэгээд ч С.Эрдэнэ өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболд АН-ын дарга, УИХ-ын даргын хувиар Увсад очоод яаж онигоонд орсныг санаж байгаа. Энэ бүхэн түүнийг тойргууд дээр очиж намын нөхдөө дэмжих бололцоог олгохгүй байх шиг.
Мөн Хэнтийд АН-аас нэр дэвшсэн Э.Бат-Үүл л халз мэтгэлцье хэмээн ярьж байна. Тэгвэл Үндэсний хэмжээний намын дарга хүн зөвхөн өөрийнхөө нэр дэвшсэн тойрогт ажиллаж, хэн боорлож байгаатай нь хэмхэлдчихээд хэвтээд байдаггүйг У.Хүрэлсүх харуулж явна.
Тэгээд ч Э.Бат-Үүл нарын хийдэг улстөр, пиар явахаа байсныг тэд ойлгохгүй байна. З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд очиж нэр дэвшинэ гээд ханхалзаад байсан Үүл баатар АН-аас нэр дэвшингүүтээ нөгөөхөө ярихаа больсон. Тэр байтугай хотод нэр дэвших мандат өгөлгүй, Хэнтий рүү явуулсныг ч нүдээ аниад тэвчиж яваа нь лавтай. Хэнтийд рейтинг доогуур байгаагаа У.Хүрэлсүхтэй халз мэтгэлцэж нөхөх оролдлого нь ийнхүү Э.Бат-Үүлийг мэтгэлцье хэмээн бахируулаад байгаа хэрэг бололтой.
АН-ынхан энэхүү харьцангуй нам тайван өрнөж буй сонгуулийн сурталчилгааны темпийг сүүлийн хоногуудад нь хар пиараар зодно хэмээх таамаг, сэжүүр ч олон хүнд байгаа нь тодорхой болж ирлээ. Сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгууль шиг баахан бичлэг гарч ирэхийг байг гэх газаргүй гэх яриа ч дуулдсаар л байна.
С.Самбаа