Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.03.25/ зургаан үндэслэл бүхий УРИАЛГА гаргалаа. Уг нь хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг, захирамж гаргах ёстой ч УРИАЛГА гэх зүйлийг “санаачлан” олон нийтэд хүргэлээ. Дэлгэрэнгүйг эндээс унших https://www.urug.mn/news/1852
Харин түүний уриалга нь төрийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх санаархал бүхий байгаа нь ил. Уриалгын зургадугаар хэсгийг уншвал “Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна…… ….. Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.” гэжээ.
Энэ тухай МУИС-ийн профессор, багш О.Мөнхсайхан өөрийн цахим хуудастаа “Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд (улс төрчид,иргэний нийгмийнхээ, чөлөөт хэвлэл гэх мэт)-ийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох өндөр эрсдэлтэй.” гэж ч бичжээ.
Харин Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харари /“21 lessons for the 21 century” ном буюу 21-р зуунаас суралцах 21 зүйл, Монгол хэлнээ Сапиенс: Хүн төрөлхтөний түүх нэрээр орчуулагдан хэвлэгдсэн ном зэргийг Монголчууд түлхүү мэднэ./ “Коронавирус дэлхийд ямар өөрчлөлт авчрах” талаар ярьснаа өөрийн https://www.ynharari.com/ цахим хуудсанд байршуулсан байна. Түүний ярианаас бидний ойлгох нэг чухал зүйл бол Коронавирус ба хөл хорио, онцгой нөхцөл байдлыг далимдуулж, “ДАРАНГУЙЛАГЧ” нар төрийн хяналт, төрийн эрх мэдлийг авах санаархал ил тод болно гэдгийг анхааруулсан юм. Энэхүү ярилцлага, нийтлэл цацагдсаны дараахан манай Ерөнхийлөгч Х.Баттулга зургаан үндэслэл бүхий УРИАЛГА гэгчийг гаргав.
Х.Баттулгын эл үйлдлийг өвчин, зовлон буюу цар тахлаар, айдсаар далимдуулж ард иргэдээ хяналтдаа оруулж, улс төрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж буй оролдлого гэж хардаж болохоор байна.
Бид коронавирусээс ч, өвчин далимдуулж эрх мэдлээ нэмэх гэсэн Ерөнхийлөгчөөсөө ч өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй болж магадгүй байна.