
Төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, давхцалыг арилгах чиглэл болон стандартын хэрэгжилтийн талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргалтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Үндэсний стандартыг үнэ төлбөргүй болголоо шүү дээ. Хэдэн стандартыг иргэд үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн бэ?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын 150 тоот тушаалын дагуу Үндэсний стандартыг төлбөрөөс чөлөөлөөд байна. Монгол Улсад 6600 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 4000 орчим үндэсний стандартыг иргэд үнэ төлбөргүй цахимаар татан авч, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдөж, стандартын хэрэгжилтийг хангах боломж бүрдээд байгаа юм.
Үр дүн нь юу вэ гэхээр хэрэглээ өргөжнө, хүрээ тэлнэ. Стандарт гэдгийн цаана нь ерөөсөө чанар аюулгүй байдал л байгаа шүү дээ. Гэхдээ энэний тулд иргэдэд ачаа биш аюулгүй байдал, төрд харин хариуцлага нэмэгдэх ёстой. Яг энэ зах зээлийнхээ сонгодог зарчмаар дээрх үйл ажиллагаа явагдахын тулд илүү дутуу үнэ төлбөр, хураамжийг байхгүй болгож байгаа юм. Иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээнд стандартыг шаардаад шахаад эхлэхэд чанарын аюулгүй байдал ч хангагдана.
-Та салбарынхаа мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын зорилго, үр дүн юу вэ?
-Стандарт, хэмжил зүйн газраас Засгийн газрын“Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагаа болон үйлчилгээнүүдийг хувийн хэвшил рүү, мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлэх үе шаттай ажлыг эхлүүлэхээр, зөвлөлдөж байна. Асуудал маш энгийн. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгая, чөлөөлье гэж байгаа юм. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бизнес эрхэлж, үйл ажиллагаанаас ашиг олдог.
Тэгтэл тэр үйл ажиллагаатай нь давхцаад төр орлого олоод өрсөлдөөд байх нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд улсад татвар төлдөг, төрийн үндсэн зарчим бол татвараа аваад үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл төр татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлдөөд байгаа тул Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд давхцалыг арилгая гэж зорьж байна.
Стандартаа хэрэгжүүлээд болж байгаа зүйлс дээр давхар дүрэм журам мөрдүүлж, хүндрэл учруулахгүй байх санаа. Харин хувийн хэвшлийнхэн маань бизнест хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй байдаг. Түүнтэйгээ уялдуулаад бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. Мэдээж үйл ажиллагаа өргөжихийн хэрээр ачаалал нэмэгдэх учраас хүний нөөцөө ч бэлдэх хэрэгтэй болно.


-Стандартыг хэрэгжүүлдэг, мөрддөг, хянадаг тогтолцоо манайд сул байх шиг байна?
-Иргэдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг баталгаажуулж, хангахын тулд Стандарт, хэмжил зүйн салбарын аж ахуйн нэгжүүдийн оролцоо болон, иргэдийн хяналт хамгийн чухал. Иргэд дэлгүүрийн лангуунаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг нь хардаг. Гэтэл тэрнээс чухал стандартын шаардлага хангасан байна уу, үгүй юу гэдэг хяналтыг тавьж сурах соёлд суралцах хэрэгтэй байна. Энэ дэд бүтцийг ухаалаг, энгийн болгож шийдвэрлэнэ.
Цаашлаад төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааны стандарт хангагдаж байгаа эсэхийг иргэд төвөггүйгээр, тодорхой хэлбэл, гар утсаараа хялбархан хянаж, шалгадаг байдлыг хэрэгжүүлж, стандартаараа шахвал зах зээлийн зарчмаар өрсөлдөх чадвар нь эрэмбэлэгдэж, стандартгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.Зах зээлийн зарчим сонгодог утгаараа ерөөсөө энэ юм. Үйлчилгээ авч байгаа иргэд нэгэнт мөнгөө төлж байгаа бол чанартай зүйлийг худалдан авах ёстой.
Түүний баталгаа нь стандарт юм.Эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой учраас төр хариуцлага хүлээх ёстой. Төрийн зүгээс стандартын олон давхцал, дүрэм журам, хийдэл зэрэг бүх зүйлийг цэгцлэх ёстой. Стандартын улсын үзлэгээр үүргээ гүйцэтгэчихсэн, хоцрогдсон олон стандарт салбар бүрд байна. Гэтэл шинэчлэл хийгдэж, гадаад зах зээлд ISO стандартууд өөрчлөгдчихсөн. Тэгэхээр бүх салбар өөрчлөлт, шинэчлэлтээ хийх ёстой.Үүн дээр дүн шинжилгээ хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулаад, дээрх шийдвэр тун удахгүй гарна.
-Та энэ бодлого, зорилтын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Стандарт, хэмжил зүйн газрын тухайд бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Бодлого боловсруулна, бодлогын хэрэгжилтийг хангана. Гэтэл бид хэрэгжилтээ хийдэг гэдэг нь бас зохимжгүй болоод байгаа юм. Стандарт, хэмжил зүйн газар дээр стандартын шаардлагыг баталгаажуулдаг. Тохирлын үнэлгээ, хэмжил зүйн болон хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга гэх мэт.
Тиймээс дээрх үйлчилгээнүүдийг бүгдийг нь хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудад шилжүүлнэ. Гэхдээ хугацаа чухал. Хувийн хэвшил, мэргэжлийн холбоод бэлэн байдлаа хангах ёстой. Тэрний тулд яах ёстой вэ? Мэдээж мөнгө зарна, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ, салбараа байгуулна.
Цаашлаад орон нутагт үйлчилгээ явуулах, хүртээмжээ тэлэх, цаг хугацаа хэмнэх, экспорт, импорт хийх, худалдааг хөнгөвчлөх гээд олон давуу талыг бий болгохын тулд цахим системээ нэгдсэн нэг экосистемд интеграцчлах ёстой. Иргэд хамгийн хялбар, энгийнээр, маш ойлгомжтойгоор, хурдан шуурхай мэдээллээ авчихдаг, шалгадаг, хянадаг энэ тогтолцоог хувийн хэвшилтэйгээ хамтарч бүрдүүлэхийг зорьж байна даа.
Энэ ажлын үр дүнд иргэд л хожно. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж, зах зээлийн багтаамж нь нэмэгдэнэ.













