
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлөөс гаргасан ОХУ-ын “Русал” компанийн бүрэлдэхүүнд багтах зэвсэгт хүчний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон “Маша ба Баавгай” хүүхэлдэйн киноны эсрэг хориг тогтоох тухай тушаалд гарын үсгээ зуржээ.
Дээрх тушаалын дагуу “Маша ба Баавгай” цуврал хүүхэлдэйн киног бүтээсэн “Анимаккорд” студи болон тус студийг үүсгэн байгуулагч болон захирал, зохиолч, продюсер, хүүхэлдэйн киноны эрхийг эзэмшигч зэрэг нийт таван хүний эсрэг хориг тогтоожээ.

Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөл “Маша ба Баавгай” цуврал хүүхэлдэйн кино нь хүүхдэд зориулсан контент гэсэн нэрийн дор Оросыг дэмжсэн суртал ухуулга тараадаг гэж үзжээ.
Өнгөрсөн долдугаар сард Умард Ирланд, Их Британийн улстөрчид Соёлын сайддаа хандан нээлттэй захидал бичиж, “Маша ба Баавгай” цуврал хүүхэлдэйн кино нь суртал ухуулгын шинжтэй тул тус хүүхэлдэйн киног стриминг үйлчилгээний платформуудаас хасахыг шаардсан бол Эстонийн Гадаад харилцааны сайд Маркус Цахкна “Маша ба Баавгай” хүүхэлдэйн киног Кремлийн зөөлөн хүчний бодлого хэмээн тодорхойлжээ.









