
2026 оны Улсын их баяр наадамд аймгийн начин цолноос Улсын заан цол руу шууд харайсан бөх бол Батбаярын Сундуйжав билээ. Түүний онцлох 10 баримтыг хүргэж байна.
1. Тэрбээр 2004 оны хоёрдугаар сарын 16-нд мэндэлжээ. Өдгөө 22 настай Биеийн өндөр 184 см, биеийн жин 115 кг. Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан.
2. 2022 оноос залуу бөхийн хувиар Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд барилдаж эхэлсэн бөгөөд тус оныхоо арванхоёрдугаар сард дөрөв давж байсан. Түүнчлэн, аймаг, цэрэг, сумын заан, залуу бөхийн барилдаанд шөвгөрч байгаагүй.
3. Завхан аймгийн Идэр сумын харьяат “Урт гарт” хэмээх Маамын Лхагвын удмын бөх. Маамын Лхагвын төрсөн ах М.Намбар нь мөн Улсын заан цолтой. Тэгэхээр Б.Сундуйжав энэ удмын хоёр дахь Улсын заан гэсэн үг. 4.Тэр 19 настайдаа буюу 2023 онд Завхан аймгийн наадамд барилдаж Улсын начин Г.Баасандоржоор тав давж Аймгийн начин цолны болзол хангасан.
5. 2024 онд Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн. Түүний хувьд Дархан-Уул аймгийн Эх орончдын өдөрт зориулсан Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурийг давж бөх сонирхогчдын анхаарлын төвд өртсөн.
6.2026 оны Бүх цэргийн баяр наадамд дөрөв давж, тавын даваад Хөвсгөл аймгийн арслан П.Хүрэлбаатарт өвдөг шороодсон.
7.Түүний Аймгийн начнаас Улсын заан хүрсэн амжилт нь хоёр дахь тохиолдол юм.Тодруулбал, 21 насандаа Улсын заан болсон анхны бөх нь даяар дурсагдах, далай даян, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ юм. Тэрбээр 1986 онд 21 насандаа улсын заан цол хүртэж байсан.
8.Мөн Б.Сундуйжав нь Аймгийн начин цолноос Улсын харцага цолны давааг давсан хоёр дахь хүчтэн юм. Түүнээс өмнө Улсын харцага Л.Пүрэвжав энэ амжилтыг үзүүлж байлаа.
9. Тэрбээр Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул бөгөөд сумаасаа төрөн гарсан анхны Улсын заан цолтон билээ.Харин Баянхайрхан сумаасаа тодорсон гурав дахь улсын цолтон болж байна.
10.Төрийн наадамд түрүүлэх цаашлаад дархан аварга болох мөрөөдөлтэй гэдгээ тэр нэгэн ярилцлагадаа дурдсан юм.
Г.Хэрлэн









