
Улаанбаатар хотоос долоодугаар сарын 22-ны өдөр Эрдэнэт хотыг зорин хөдөлсөнөөс эхлээд л энэ ойн баяр жирийн нэг тэмдэглэлт өдөр биш болох нь мэдрэгдэж байлаа. Хот руу чиглэсэн авто замд урсгал эрс нэмэгдэж, хэсэгхэн түгжирсэн нь 50 жилийн ойдоо оролцохоор дөрвөн зүг, найман зовхисоос хүмүүс зорин ирж буйг илтгэнэ.
Эрдэнэтэд хүрмэгц хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь цэмцгэр, төлөвлөлт сайтай хот байв. Сүүлийн жилүүдэд явган хүний замуудыг шинэчилжээ. Гэхдээ зөвхөн өнгө үзэмж бус хүртээмжийг нь давхар шийдсэн нь онцгой. Дугуйн зам болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам нь нэг ч цэг дээр тасралгүй үргэлжилж, хотын аль ч хэсэгт төвөггүй хүрэх боломж бүрдүүлсэн нь нийслэлтэй харьцуулахад анзаарагдах том ялгаа байлаа.
Аргагүй л залуусын хот
50 жилийн ойдоо зориулан Эрдэнэт бүхэлдээ баярын өнгөнд оржээ. Зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж бүрийг ТҮК-ийн ажилчид өглөөнөөс орой хүртэл цэвэрлэн, хотынхоо өнгийг тордож байв. Тэдний нэгтэй ярилцахад “эрвээхэйн нүүдэл дайрч өнгөрсөнөөс болж цэвэрлэсэн талбайгаа дахин цэвэрлэх шаардлага гарсан” хэмээн инээмсэглэн ярьсан нь энэ ойн төлөө ямар их хөдөлмөр өрнөснийг илтгэж байлаа.
Долоодугаар сарын 23-ны өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх А.Амарын нэрэмжит талбайд хүрэлцэн ирж, хүндэт харуулын жагсаалын хамт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Агданбуугийн Амарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв. Үүний дараа Соёлын ордонд болсон ёслолын арга хэмжээнд өнөөгийн Эрдэнэт хотыг босголцсон анхдагч илгээлтийн эздийг хүлээн авч, төрийн дээд одон, медалиар шагнасан юм.
Тэр үеийн залуу илгээлтийн эзэд өнөөдөр салбар бүрийн туршлагатай мэргэжилтэн, хөдөлмөрийн манлайлагчид болжээ. Зарим нь Эрдэнэтэд ирээд гэр бүлээ зохиож, амьдралаа эхлүүлэн, үр хүүхдээ өсгөж, ач зээгээ үнэрлэж яваа нь энэ хот зөвхөн үйлдвэрийн төв бус олон мянган хүний хувь заяаны эхлэл болсон гэдгийг сануулж байв.
Шөнө гэрлээр амилсан Эрдэнэт
Ойн баярын хамгийн хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг нь долоодугаар сарын 23-ны орой болсон DJ шоу, уран бүтээлчдийн тоглолт, дроны үзүүлбэр байлаа.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дээр хэдэн зуун дрон тэнгэрт зэрэг хөөрч, Эрдэнэт хотын түүх, уурхайчин хүний хөдөлмөр, 50 жилийн бэлгэдлийг дүрслэн гэрлэн зураг бүтээхэд үзэгчид алга ташилтаар хариулж байв. Үүний дараах салютын буудлага баярын уур амьсгалыг оргилд нь хүргэж, олон хүний хувьд энэ ойн хамгийн дурсамжтай мөч болон үлдсэн юм.
Наран төөнөсөн налгар 50 жил
24-ний өглөө эртээс цэнгэлдэх хүрээлэнд түм түжигнэж, бум бужигнажээ. Үндэсний дээлээрээ гоёсон хүмүүс Эрдэнэтээр овоглох бахархлаа өвөрлөн дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн байв. Олны танил эрхмүүд, төрийн түшээд, үе үеийн уурхайчид, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд, тэр бүү хэл ОХУ-аас эцэг эхээ дагуулан урьд нь ажиллаж байсан хотоо үзүүлэхээр ирсэн хүмүүс ч цөөнгүй харагдсан нь энэ баяр зөвхөн Орхон аймгийн бус олон улсын өнгө аястай арга хэмжээ болж чадсаныг илтгэнэ.
Улсын цолтой бөхчүүд гэр бүлээ дагуулан цэнгэлдэхийн хаалгаар орж ирэхэд иргэд гар барин мэндчилж, урам хайрлаж байлаа. Барилдаанд хүч сорихоор ирсэн бөхчүүдийн харцнаас л ялалтын төлөөх эрмэлзэл тодхон уншигдаж байв.
Гурван цагийн түүхийг өгүүлсэн нээлт
Наадмын нээлтийг “Сүнс” хамтлагийн ахлагч Н.Лхагвасүрэн найруулсан бөгөөд Эрдэнэт хотын өнгөрсөн, одоо, ирээдүйг гурван цагийн хэлхээнд хүүрнэсэн шийдлээрээ онцлог байлаа. Тайзнаа Эрдэнэтээр овоглодог уран бүтээлчид нэгэн дор цугларсан нь баярын бас нэгэн өнгө болсон юм. Тэдний дундаас дуучин Б.Амархүү тайзны ард “Катюша” дууны аялгууг даган дуулж инээмсэглэн зогсох нь анзаарагдав. Тэрээр “Би Эрдэнэтэд төрөөгүй ч хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамж энэ хоттой холбоотой” хэмээн догдлон ярьсан нь олон хүний сэтгэлд хүрсэн мөч байлаа.
“Хүсэмжит” эх сурвалж
Наадмын үеэр хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан хүмүүсийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байв. Тэрээр Стэнфордын их сургуулийн малгайгаа өмсөн хүндэт зочдын хэсэгт сууж байсан бөгөөд сэтгүүлчдийн хамгийн их ярилцлага авахыг хүссэн хүн болсон юм.
Ярилцлага авах хүсэлт тавихад татгалзсангүй. Харин сүүлийн үед нэр холбогдоод буй асуудлуудаас илүүтэй өөрийн ажил, амьдралын гараа Эрдэнэт хоттой хэрхэн холбогдсон тухайгаа хүүрнэхийг илүүд үзэж байсан нь анзаарагдав.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд нэг он, нэг сар, нэг өдөр төрсөн хоёр найз харцага үлдсэн нь наадмын содон үйл явдал болов.
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, “Land 300” автомашины эзэн болсон бол Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэн хоёр өрөө байрны шагнал хүртэв. Тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн цолтой бөхчүүд зодоглосон бөгөөд улсын баяр наадмын дараах хамгийн чансаатай барилдаан боллоо хэмээн бөх сонирхогчид дүгнэж байв.
Ойн баярыг тохиолдуулан “Камертон” хамтлаг үнэ төлбөргүй тоглолтоо толилууллаа. Хамтлагийнхан 1996 онд Эрдэнэтэд анхны тоглолтоо хийхэд фенүүд нь ПАЗ автобусыг нь шүтэн бишрэгчид бүсгүйчүүд дагалдсан хөгжилтэй дурсамжаа хуваалцав.
Эрдэнэтэд төрж өсөөгүй хүмүүс хүртэл энэ хоттой ямар нэгэн сэжмээр холбогдсон байдаг нь анзаарагдана. Хэн нэгний анхны ажил, хэн нэгний анхны хайр, хэн нэгний залуу нас, эсвэл эцэг эхийнх нь бүтээн байгуулалтын дурсамж энэ хоттой салшгүй холбогджээ.
Тиймдээ ч Эрдэнэтийн 50 жилийн ой зөвхөн нэг хотын баяр биш, Монголын бүтээн байгуулалтын түүхийг хамтдаа эргэн дурссан, үе үеийн хүмүүсийн бахархал, хөдөлмөр, дурсамжийг нэг дор зангидсан баяр байлаа. Эрин зууны бүтээн байгуулалтын бэлгэ тэмдэг болсон энэ хот дараагийн 50 жилдээ ч хөгжлийн өнгийг тодорхойлсон хэвээр байх биз.









