
Эхийнхээ халамжаас хоцорч, зөөлөн тоглоом тэврэн ганцаардлаа даван туулсан Японы Панч сармагчин долдугаар сарын 26-нд нэг нас хүрлээ. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 2500 орчим мэндчилгээ, ил захидлыг Японы Чиба мужийн Ичикава хотын амьтны хүрээлэнд дэлгэн үзүүлж, олон зуун зочин Панчид төрсөн өдрийн мэнд хүргэхээр хүрэлцэн иржээ.
Панч 2025 оны долдугаар сарын 26-нд төрсөн ч эх нь түүнийг төрсний дараахан орхисон байна. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг гараар угжиж өсгөхийн зэрэгцээ сармагчинд байдаг тэврэх, зуурах зан үйлийг хөгжүүлэхийн тулд орангутан дүрстэй зөөлөн тоглоом өгчээ. Панч удалгүй уг тоглоомоо ээжийнхээ оронд үргэлж тэвэрч явдаг болсон нь цахим орчинд тарж, сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Түүний ганцаардал зөвхөн Япон төдийгүй дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд #HangInTherePunch хаштаг олон нийтийн сүлжээнд түгэн, Панчийг зорин ирэх жуулчдын тоо эрс өсжээ. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр Панчийн түүх цахим орчинд тархсанаас хойш ирц өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Нэг насны төрсөн өдрийг нь тохиолдуулан амьтны хүрээлэн Панчийн өсөж торнисон түүхийг өгүүлсэн тусгай үзэсгэлэн гаргаж, шүтэн бишрэгчдийн илгээсэн захидал, зураг, дурсгалын зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Амьтны хүрээлэнгийн захиргаа “Панч зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, хүнд үеийг даван туулж чадсан түүхээрээ олон хүнд урам зориг өгсөн” хэмээн онцолсон байна.







