
Баяр наадмын дараах санхүүгийн дарамт нь эдийн засаг хийгээд сэтгэл зүйн түвшинд ч хүчтэй нөлөөлдөг. Сэтгэл судлалд үүнийг “Хоцрох айдас” (FOMO-Fear of Missing Out) хэмээн тодорхойлдог бөгөөд бусадтай өөрийгөө харьцуулж, тэдэнтэй адил түвшинд амьдрах ёстой гэсэн бодлоос үүдэлтэй байдаг. Судалгаагаар сошиал орчинд идэвхтэй хэрэглэгчдийн 60 гаруй хувь нь бусдын амьдралыг хараад өөрийгөө дутуу мэт мэдэрдэг гэж хариулсан байдаг.
Ялангуяа баяр наадам, амралтын улиралд хүмүүсийн хэрэглээ огцом нэмэгддэг. Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны мэдээллээр баярын дараах саруудад өрхийн хэрэглээний зээлийн хэмжээ өсөх хандлага ажиглагддаг нь хүмүүс тухайн үед орлогоосоо давсан зардал гаргаж байгааг илтгэнэ. Энэ нь богино хугацаанд сэтгэл ханамж өгдөг ч урт хугацаандаа санхүүгийн дарамт, стрессийн эх үүсвэр болдог байна.

Өр тавиад ч хамаагүй аялж, зугаалж дурсамж бүтээх нь гаднаас харахад эерэг мэт боловч сэтгэл судлалын үүднээс авч үзвэл “Шууд шагналд хэт төвлөрөх” зан төлөвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн мөчийн баяр хөөрийг урт хугацааны тогтвортой байдлаас илүүд үзэх хандлага юм. Харин эсрэгээрээ төлөвлөлттэй, хүлээцтэй шийдвэр гаргах чадварыг сэтгэл судлалд “Хойшлуулсан сэтгэл ханамж” гэж нэрлэдэг бөгөөд энэ чадвар өндөр байх тусам хүний амьдралын чанар, санхүүгийн тогтвортой байдал илүү сайн байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Иймд аялал зугаалгыг эртнээс төлөвлөж, зорилготой хуримтлал үүсгэх нь хамгийн оновчтой шийдэл юм. Жишээлбэл, өрх сар бүр орлогынхоо 10-20 хувийг хуримтлалд зориулбал 6-12 сарын хугацаанд томоохон зардлыг өр тавихгүйгээр шийдэх боломж бүрддэг. Энэ нь мөнгө хэмнэхээс гадна сэтгэл зүйн хувьд “хяналттай” мэдрэмж төрүүлж, стрессийг бууруулдаг.
Харин санхүүгийн боломж хангалттай хүрэлцэхгүй байгаа үед “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” буюу өөрт тохирсон төсвөөр аялах нь зөв шийдэл юм. Сэтгэл судлалын судалгаагаар орлогоосоо давсан хэрэглээ хийдэг хүмүүсийн стрессийн түвшин дунджаар 2-3 дахин өндөр байдаг гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, түр зуурын тансаг хэрэглээ нь удаан хугацааны сэтгэл зүйн дарамтаар солигддог гэсэн үг.
Мөн “Харьцуулалтын сэтгэлгээ” нь хүний сэтгэл ханамжийг бууруулдаг гол хүчин зүйлсийн нэг. Хэн нэгнээс дутахгүй байх нь хэрэгцээ гэхээс илүү нийгмийн дарамтаас үүдэлтэй шийдвэр гаргахад хүргэдэг. Харин өөрийн нөхцөл байдал, зорилгод тулгуурласан шийдвэр гаргах нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна.
Гэр бүлийн түвшинд авч үзвэл санхүүгийн асуудал нь харилцаанд шууд нөлөөлдөг. Судалгаагаар гэр бүл салалтын гол шалтгааны нэг нь мөнгө, санхүүтэй холбоотой маргаан байдаг бөгөөд энэ нь нийт салалтын 30-40 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт бий. Иймд хамтын санхүүгийн төлөвлөлт, ил тод байдал, харилцан ойлголцол нь тогтвортой харилцааны үндэс болдог.
Тиймээс баярын дараах шийдвэрүүдийг өөрийн боломж, урт хугацааны тогтвортой байдлыг харгалзан гаргах нь чухал.







