
Наадмын өмнөхөн Засгийн газар, салбарын яамнаас “шатахууны хомсдол үүсэхгүй” гэх мэдэгдлийг удаа дараа хийж байв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дашпүрэв долоодугаар сарын 6-нд мэдээлэл хийхдээ Монгол Улс АИ-92 автобензиний 71.5 мянган тонн буюу ердийн хэрэглээний 33 хоногийн нөөцтэй байгаа учраас баяр наадмын өдрүүдэд шатахууны тасалдал гарахгүй гэж мэдэгдсэн.
Гэвч бодит байдал дээр энэ амлалт биелсэнгүй. Наадмын урт амралтын үеэр олон аймаг, суманд шатахуун олдохгүй болж, шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэв. Зарим шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа түр зогсоож, иргэд хэдэн цагаар хүлээсэн ч хоосон буцах тохиолдол цөөнгүй гарсан. Үүнтэй зэрэгцэн “шагийн бензин” эрэлттэй болж, Архангай аймагт нэг литр бензин 5000 төгрөгөөр худалдаалагдсан тухай иргэд мэдээлсэн юм.
ШАТАХУУНААР ХИЙСЭН ТОХУУРХАЛ
Харин энэ нөхцөл байдал үргэлжилж байх үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам долоодугаар сарын 15-нд АИ-92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргав. Үнийн өсөлтийн талаар салбарын сайд Г.Дамдинням “түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээ” хэмээн тайлбарласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Үүнээс гадна “хөдөө бензин тасалдсан нь хотын түгжрэлийг бууруулж байна” гэх утгатай хошигнож буй бичлэг нь цахим орчинд тархаж, иргэдийн бухимдлыг улам өдөөсөн юм. Учир нь тухайн үед олон хүн шатахуун авахын тулд хэдэн цагаар дугаарлаж, зарим нь аялал, ажил, төлөвлөгөөгөө цуцалж, нөгөө хэсэг нь шагийн үнээр шатахуун авч байлаа.
Гэхдээ энэ асуудал зөвхөн автомашинтай иргэдийн асуудал биш юм. Шатахууны үнэ өсөх бүрт хамгийн түрүүнд өсдөг зүйл бол тээврийн зардал. Харин тээврийн зардал өсөхөөр үйлдвэрлэгчээс агуулах, агуулахаас дэлгүүр хүртэлх бүх шатны өртөг нэмэгдэж, эцэстээ талх, мах, сүү, хүнсний ногооны үнэд шингэдэг.
НАМАР ХҮРТЭЛ ТЭСЭЭРЭЙ
“Barometer” судалгааны байгууллагын гаргасан хүнсний үнийн судалгаа тодорхой харуулжээ. Судалгаагаар өргөн хэрэглээний хүнсний багцын үнэ 2025 оны долоодугаар сараас 2026 оны долоодугаар сарын хооронд 19 хувиар, харин зөвхөн 2026 оны эхний зургаан сарын хугацаанд 13 хувиар өссөн байна. Энэ нь жилийн нийт өсөлтийн ихэнх нь ердөө хагас жилийн дотор бий болсныг илтгэж байгаа бөгөөд хүнсний инфляц буурах бус улам эрчимжиж байгааг харуулж байна.





Хамгийн их өсөлттэй бүтээгдэхүүн нь төмс байлаа. Нэг жилийн хугацаанд үнэ нь 118 хувиар, зөвхөн энэ оны эхний зургаан сард 43 хувиар өссөн байна. Хонины мах 46 хувь, хиам 17 хувь, талх 14 хувь, жүүс 11 хувь, өндөг 7 хувиар тус тус нэмэгджээ. Харин сонгино, ургамлын тос зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан ч өрхийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн их жин эзэлдэг бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом өссөн нь нийт зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.
ЭДИЙН ЗАСАГЧИЙН “АНХААРУУЛГА”
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ирэх намар инфляцын дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Түүний хэлснээр шатахууны үнийг зах зээлийн үнээс хүчээр барих боломжгүй бөгөөд барьсан ч эдийн засагт илүү их сөрөг үр дагавар авчирна. Харин дөрөвдүгээр сараас эхлэн бараа бүтээгдэхүүний үнэ дараалан өсөж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар инфляц 12 хувьд хүрээд байна. Инфляцыг хамгийн ихээр хөөрөгдөж буй хүчин зүйл нь хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн өсөлт бөгөөд цахилгаан, дулаан, шатахууны үнийн өөрчлөлт цаашид ч дарамт болох төлөвтэй гэж тэр үзэж байна.
Хамгийн гол асуудал нь шатахууны үнэ 250 төгрөгөөр өссөндөө биш. Энэ өсөлт өрхийн төсөв дээр хэдэн мянган төгрөгөөр хэмжигдэх дарамт болж очдогт оршиж байна. Учир нь дундаж орлоготой өрх шатахуунд илүү мөнгө төлөөд зогсохгүй, мах, талх, сүү, хүнсний ногоо, такси, хот хоорондын тээвэр, хүргэлтийн үйлчилгээ гээд өдөр тутмын хэрэглээний бараг бүх зүйлдээ илүү мөнгө төлөх шаардлагатай болдог.
Монгол Улсад дундаж цалин сүүлийн жилүүдэд өссөн ч өрхийн бодит худалдан авах чадвар түүнтэй зэрэгцэн өсөөгүй. Орлого нэмэгдэхээс илүү хурдтайгаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь иргэдийн бодит хэрэглээг хумиж, амьжиргааны түвшинд шууд нөлөөлж байна. Тиймээс шатахууны үнэ өсөх бүрт иргэд зөвхөн шатахуун түгээх станц дээр бус, дэлгүүрийн касс дээр, захын лангууны өмнө, сарын төсвөө гаргахдаа тэр өсөлтийн бодит дарамтыг мэдэрч байна.









