
Баяр, наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 1857 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 22 хүн амиа алдан, 87 хүн гэмтсэн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээллээ.
Түүний өгсөн мэдээллээр энэ хугацаанд Тээврийн цагдаагийн албанд нийт 2917 дуудлага, мэдээлэл ирснээс 1857 нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Мөн орон нутгийн замд 73 осол бүртгэгдсэн байна.
Энэ үеэр гарсан ноцтой ослын нэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны оройн 21:00 цагийн орчимд болсон хоёр автомашины мөргөлдөөн юм. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд одоогоор Төв аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Урьдчилсан мэдээллээр уг ослын улмаас нэг гэр бүлийн гурван гишүүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтжээ.
Хуульд юу гэж заасан бэ?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, тэр дундаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Тухайлбал, нэг хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жилийн хугацаагаар хасаж, 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг.
Харин хоёр болон түүнээс дээш хүний амь нас хохирсон тохиолдолд жолоодох эрхийг 8-12 жилийн хугацаагаар хасаж, 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.
“Өндөр ялтай байлаа гээд гэмт хэрэг буурна гэж үздэггүй”
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон хэрэгт оногдуулах хариуцлагын талаар хуульч Б.Мэргэн “Ийм төрлийн хэрэгт хорих ял нь үндсэн ял байдаг. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь заавал дагалдах ял бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй” хэмээн тайлбарлав.
Мөн энэ төрлийн хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлага хангалтгүй гэж үзэх иргэдийн байр суурийн талаар тэрбээр “Эрүүгийн хууль 2015 онд батлагдахдаа олон улсын жишигт тулгуурлан боловсруулагдсан. Миний хувьд ялын бодлого хэт хатуу байлаа гээд гэмт хэрэг буурна гэж үздэггүй. Өндөр ялтай учраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэх сэдэл хүмүүст тэр бүр төрдөггүй” гэсэн юм.
Сэрэмжлүүлэг
Зам тээврийн ослын цаана хүний амь нас, гэр бүл, ирээдүй байдаг. Иймээс жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх нь өөрийн болон бусдын амь насыг хамгаалах хамгийн чухал хариуцлага юм.
Видео үзэх:









