
Оюу толгой төслийн талаар Монголд бараг хоёр арван жил үргэлжилсэн нэг асуулт бий.
34 хувиа эзэмшдэг хэрнээ Монгол Улс яагаад ногдол ашиг авч чаддаггүй юм бэ?
Энэ асуултын хариултыг улс төрийн уриа, сонгуулийн амлалтаас бус, төслийн санхүүгийн бүтцээс хайх ёстой байсан. Учир нь Монголын талын хамгийн том “дайсан” нь өмчлөлийн хувь биш, харин хувь нийлүүлэгчийн зээлийн өндөр өртөг байлаа.
Тиймээс Рио Тинтотой хийсэн энэ удаагийн хэлэлцээ зөвхөн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгож бууруулсан асуудал биш. Илүү томоор харвал Монголын тал олон жилийн турш хөдөлгөж чаддаггүй байсан санхүүгийн бүтцэд анхны бодит өөрчлөлтийг хийж чадсан үйл явдал болов. Гэхдээ энэ нь ялалт мөн үү, эсвэл зөвхөн эхлэл үү гэдгийг энгийн монгол иргэн ч ойлгох учиртай.
– Оюу толгойн буруутан нь уурхай биш өр –
Олон нийт Оюу толгойг ашигтай ажиллаж байгаа эсэхээр нь дүгнэх нь элбэг. Гэтэл үнэн хэрэгтээ уурхайн үйлдвэрлэл асуудал биш байв. Гүний уурхай ажиллаж эхэлсэн. Зэсийн олборлолт өсөж байна. Экспорт нэмэгдэж байна. Харин Монголын талын эзэмшдэг 34 хувь ашиг биш, өр хуримтлуулсаар ирсэн.
Учир нь Монгол Улс өөрийн эзэмшлийн хөрөнгө оруулалтыг бэлнээр төлөөгүй. Хөрөнгө оруулагч талаас хувь нийлүүлэгчийн зээл авч санхүүжүүлсэн. Тэр зээл дээр жил бүр 10.5 хувийн хүү бодогдож, ашиг гарах бүрт эхлээд өр төлөгдөж, дараа нь ногдол ашиг хуваарилах бүтэцтэй явж ирсэн.
Өөрөөр хэлбэл Монгол Улс ашигтай уурхайтай мөртлөө өөрөө ашиг хүртэж чаддаггүй тогтолцоонд орчихсон байсан гэсэн үг. Ийм нөхцөлд хүү өндөр байх тусам өр улам өснө. Өр өсөх тусам ногдол ашиг улам холдоно. Энэ мөчлөгийг л олон нийт “Оюу толгойгоос Монгол юу ч хүртэхгүй байна” гэж харж, хэлж ирсэн.

Монголын эдийн засгийн хамгийн том төсөл болох Оюу толгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ шинэ шатандаа орж, “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга, Зэсийн группийн гүйцэтгэх захирал нар Монгол Улсад ирж, ирсэн даруйдаа Засгийн газрын ажлын хэсгийн сайд нартай ээлжлэн уулзаж, Еерөнхий сайдтай бүтэн өдрийн турш Төрийн ордонд уулзалт хийсэн. Энэ удаагийн уулзалтыг жирийн нэг хэлэлцээ гэхээс илүүтэйгээр Монгол Улс Оюу толгой төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх, ногдол ашиг авах хугацааг наашлуулах, зээлийн дарамтыг бууруулах зорилготой олон сарын хэлэлцээний шийдвэрлэх “мөч” байлаа.
Хэлэлцээний хүрээнд төлөөлөгчид эхлээд Сангийн сайд З.Мэндсайхантай уулзан хувь нийлүүлэгчийн зээлийн асуудлыг хэлэлцсэн бол дараа нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай менежментийн төлбөр болон Канадын Онтре компанийн лицензтэй холбоотой асуудлаар санал солилцжээ. Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр болон Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, үлдсэн асуудлуудаар байр сууриа нэгтгэн, Засгийн газрын ажлын хэсэг, Ерөнхий сайдтайгаа олон нийтэд мэдээллэв.


Засгийн газрын мэдээллээр талууд гурван чухал тохиролцоонд хүрсэн.
Нэгдүгээрт, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон буурууллаа.
Хоёрдугаарт, өмнө нь долоон жил тутамд нэг удаа хэлэлцдэг байсан хүүгийн нөхцөлийг цаашид гурван жил тутам шинэчилдэг болов.
Гуравдугаарт, Монголын тал энэ оноос ногдол ашиг авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрсэн талаар Ерөнхий сайд мэдэгдэв.
Энэ гурван өөрчлөлт нийлээд өмнөх бүтцийг үндсээр нь өөрчилж магадгүй байгаа юм. Ерөнхий сайдын мэдээлснээр зөвхөн хүүгийн өөрчлөлтөөр 6.2 тэрбум ам.долларын буюу ойролцоогоор 22 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх боломж бүрджээ.
Үүн дээр өмнө нь тохирсон менежментийн төлбөрийн 50 хувийн бууралтыг нэмбэл нийтдээ 8.4 тэрбум ам.долларын зардал буурч, Монголын талын ирээдүйн өгөөж дөрвөн тэрбум ам.доллараар өсөх тооцоог Засгийн газар танилцууллаа.
Энэ тухайгаа Рио тинто групп албан мэдээлэлдээ дурьдахдаа,


Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон: “Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн зардалтай холбоотой өөрчлөлт нь Рио Тинто групп Оюу Толгойн хувьд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан түншлэлдээ тууштай хэвээр байгааг харуулж байна. Энэхүү тохиролцоо нь Оюу Толгойн бүтээн байгуулалтын төслийн эрсдэл буурч тогтвортой ажиллах уурхай болон хөгжиж буйтай холбоотой” гэв.
Энэ бол Рио-д ч хэлэлцээ хийж цаг алдахаас илүү тохиролцоонд хүрч, төслийг урагшлуулах нь үр өгөөжтэй гэж үзсэн нь тод харагдана.
– Баярлахад эрт байна –
Сүүлийн арван жилд “Оюу толгой” улс төрийн хамгийн их ашиглагдсан сэдэв байлаа. Нэг хэсэг нь “гэрээг цуцална”, нөгөө хэсэг нь “34 хувиа зарна”, өөр нэг хэсэг нь “гэрээг бүхэлд нь өөрчилнө”, үлдсэн хэсэг нь “Рио тинтог хөөж гарга” гэж мэдэгдэж, жагсаал ч хийж байсан. Гэвч бодит байдал дээр гэрээг бүхэлд нь өөрчлөхөөс илүүтэй санхүүгийн нөхцөлүүдийг сайжруулах нь илүү үр ашигтай гэдэг нь энэ удаагийн хэлэлцээгээр харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Монголын тал анх удаа улс төрийн мэдэгдлээс эдийн засгийн хэлэлцээ рүү шилжиж чадлаа. Энэ бол хамгийн том өөрчлөлт.
Гэхдээ баярлахад эрт байна. Өнөөдөр танилцуулсан бүх тоо бодит мөнгө биш. Энэ бол хэрэгжвэл бий болох үр өгөөжийн тооцоо. Талууд зарчмын тохиролцоо хийсэн болохоос бүх зүйл дуусаагүй. Одоо хэрэгжүүлэх нь энэ Засгийн газрын өмнөх хамгийн чухал сорилт болно.
Мөн Онтре компанийн лицензийн асуудал шийдэгдээгүй. Гүний уурхайн тодорхой хэсэгтэй холбоотой энэ маргаан ирээдүйн орлогын хуваарилалтад шууд нөлөөлөхөөр байгаа. Нөгөөтэйгүүр Монголын тал үнэхээр энэ оноос ногдол ашиг авах уу гэдгийг хэрхэн баталгаажуулах вэ? Учир нь Оюу толгойн талаар өмнө нь ч олон удаа “удахгүй ашиг хүртэнэ” гэсэн мэдэгдэл гаргаж байсан туршлагатай. Харин энэ удаа бодит мөнгөн урсгал орж ирэх эсэхийг л олон нийт хүлээж байна.
Оюу толгой өнөөдөр Монголын экспортын орлогын хамгийн том эх үүсвэрийн нэг. Гүний уурхай бүрэн хүчин чадалдаа хүрвэл жилд 500 мянга орчим тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болно. Ийм төсөл дээр нэг хувийн хүүгийн өөрчлөлт хүртэл хэдэн тэрбум ам.долларын үнэ цэнтэй байдаг. Тиймээс энэ удаагийн хэлэлцээ нь зөвхөн санхүүгийн тооцооны асуудал биш. Монгол Улс стратегийн ордоосоо хүртэх өгөөжийг шинэ түвшинд гаргах боломжийн тухай асуудал гэдгийг мартаж болохгүй ээ.
Олон жил хөдөлдөггүй байсан Оюу толгойн санхүүгийн бүтэц хөдөлж эхэлсэн нь сайн, энэ өөрчлөлтүүд гэрээ, санхүүгийн баримт бичиг, мөнгөн урсгал дээр бүрэн хэрэгжиж чадвал Монгол Улс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойших хамгийн том эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжтой болно.
Харин хэрэгжилт удааширч, тохиролцоонууд цаасан дээр үлдвэл өнөөдрийн өндөр хүлээлт маргаашийн ээлжит нэгэн улс төрийн маргаан л болж хувирна.
Тиймээс энэ удаагийн хэлэлцээг эцсийн ялалт гэж биш, Монгол Улс анх удаа өөрийн эрх ашгийн төлөө “тоглоомын дүрэм”-ийг өөрчилж эхэлсэн мөч буюу эхлэл гэж энэ цагийн түүхэнд бичигдэх биз ээ.









