
Монгол тамирчдад боломж бүрэн бий гэдгийг манай улсын спортын төрлүүдийн тамирчид харуулж яваа. Тэр дотроо багийн спортоос олон тамирчин Монгол эх орноо төлөөлж, хилийн чанадад суралцангаа, спортын мэргэжлийн замналаа үргэлжлүүлж буй.
Эдгээр тамирчдаас бид энэ удаад волейболын төрлөөр Канадын Торонтогийн их сургуулийн волейболын “Varsity blues” багт тоглодог Цэрэнжамцын Мөнх-Оргилыг онцоллоо. Түүний хувьд сургуулийнхаа амралтаар эх орондоо түр ирээд байгаа хугацаандаа насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Wellcom” багаас тогложээ.

Тус багийн хувьд Улсын аваргын цомыг өргөхийн зэрэгцээ Ц.Мөнх-Оргил MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


Ц.Мөнх-Оргил: Насанд хүрэгчдийн УАШТ-д аварга болж, “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгаран зорьсон зорилгоо биелүүлсэндээ баяртай
-Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Цэрэнжамцын Мөнх-Оргил гэдэг. Би Канад улсын Торонтогийн их сургуульд сурч, сургуулийнхаа багт волейбол тоглодог. Одоо 3 дугаар курстаа суралцана.
14 настайгаасаа волейболын спортын “Ноён” клубт харьяалагдан “Ментонет говь” клубын ахлах дасгалжуулагч Р.Тамираагийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Ингээд 2023-2024 оны өвөл Канад улсын Торонтогийн их сургууль руу материалаа илгээн “тэнцсэн” гэдэг хариугаа хавар авч, 2 жил суралцаж байна.
-Эх орондоо амралтаараа түр ирээд байгаа гэж сонссон. Энэ хугацаанд насанд хүрэгчдийн УАШТ-д тоглох саналыг хэрхэн, хэзээ хүлээж авсан бэ?
-Монголдоо ирээд хамгийн эхлээд Р.Тамираа багштайгаа уулзсан. Хэдий хэр хугацаанд эх орондоо байх талаар ярилцаад, тэр хугацаанд болох тэмцээн уралдаанд ингээд багшийнхаа багаас тэмцээнд цуг тоглоё оо гээд шийдээд, “Велком” багт тоглолоо. Манай багт голдуу шинэ залуу хүүхдүүд. Дасгалжуулагчаар Р.Тамираа багш мөн Билгүүтэй ах, Очирхүү нар ажилласан.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, түрүүлэн, мөн “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсандаа маш их баяртай байна. Зорилгынхоо нэг хэсгийг биелүүлсэндээ сэтгэгдэл маш өндөр байгаа.(инээв)


-Багийн уур амьсгал хэр байсан бэ?
-Бид шинэ баг гэхэд маш хурдан бие биетэйгээ уусаад явчихсан. Тэгээд хоорондоо танилцаад л, багаараа бөөндөө гараад л, кино үзээд, биллиард тоглоод л. Ер нь бэлтгэлийн явцад илүү дотносоод л сайн ярилцсаны үр дүнд маш сайн ойлголцож, нэгэндээ уусаж чадсан байх гэж бодож байна.


Р.Тамираа багшийн маань удирдсан “Велком” баг хэдийгээр шинэхэн ч гэсэн дорхноо нэгдэж, “Нэг баг” болж чадсан
-УАШТ-ээс “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал авахаар нэрээ дуудуулах тэр мөч ямар байв?
-Сэтгэгдэл маш өндөр байсан. Ер нь яг амралтаараа Монголд ирээд оролцох тэмцээнүүдтэй, ялангуяа насанд хүрэгчдийн улсын аваргад би 2 жил тоглоод, хоёуланд нь хүрэл медаль авч байсан. Энэ жил медалийнхаа өнгийг хувиргаад, багаа сайн удирдаад, лидер тоглогч байгаад, “Үнэ цэнтэй тоглогч” авна даа гээд ер нь их зорьчихсон байсан. Зорьсон зорилгодоо хүрч чадлаа гэж бодож байна. Энэ амжилтандаа сэтгэл их хангалуун байна.

Ц.Мөнх-Оргил: Би өндрийн довтлогчийн байрлалд тоглодог
-Байрлалын хувьд ямар байрлалд тоглодог вэ?
-Би өндрийн довтлогчоор тоглосон. Мэдээж Канадын Торонтогийн их сургуульд сураад, волейболын спортоор хичээллээд, тэмцээн уралдаанд оролцдог. Миний хувьд Канадад эхний жил очоод, нэг тийм цочроо гаргасан жил байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл хичээл сургууль, тэгээд л орчин, багийн уур амьсгал, шинэ орчин гээд л хүмүүс ч гэсэн ерөөсөө цоо шинэ ертөнцтэй танилцаж байгаа юм шиг л тийм мэдрэмж авч байсан. Эхний хоёр жилдээ дасан зохицоод, яг 2 дахь жилээсээ илүү өөрийгөө харуулж чадсан гэж бодож байгаа. Яг тоглолтын хувьд ч гэсэн илүү түлхүү тоглолтод оролцсон. Тэгээд багтаа маш үр ашигтай тоглогч байж чадсан.


-Ц.Мөнх-Оргилын өрсөлдөөний талбай дээрх тамирчны гол онцлог юу вэ?
-Онцгой арга барил гэвэл миний хувьд довтолгооны хурд, мөн хүч юм болов уу. Канадад суралцаж байх хугацаандаа 2 дахь жилдээ нэлээн масс нэмсэн. 7-8кг жин нэмсэн нь тоглолтод нөлөөлөөд, яг миний тоглолтын давуу тал болж өгч чадаж байгаа.
Ер нь сургуулийнхаа багийн тамирчдаас, Торонтогийн их сургуулиас маш их зүйлийг суралцдаг. Мөн тэнд суралцаж буй волейболын спортоор тоглож байгаа анхны Монгол тамирчин. Иймдээ улс эх орныхоо нэр хүндийг биеэ авч яваа байдал, талбай дээр ч, талбайн гадуур ч маш зөв, цэгцтэй, байхыг зорьдог. Учир нь би Монгол Улсаа өөрөөрөө дамжуулан сурталчилж яваа хүн шүү дээ.


Намайг хүмүүс хараад Монголиа эсвэл Чингис хаан ч гэдэг юм уу ер нь их тэгж ярьдаг. Дан ганц би биш Монгол улсын маань нэр бас надтай хамт явж байгаа болохоор аль болох гадаадад өөр баг хамт олон дундаа биеэ зөв авч яваад, тийм хүндлэлтэй, эерэг байхыг хичээдэг.


Гаднын лигүүдэд хүч үзнэ гэсэн алсын зорилго тээж яваа
-Цаашдын зорилго нь юу вэ?
-Миний цаашдын зорилго бол сургуулиа төгстлөө тэндээ сайн тоглож байгаад, болж өгвөл тэнд агентаар дамжуулан гаднын лигүүдэд ч юм уу хүч үзнэ ээ гэж бодож байгаа. Тэгээд сургуулиа төгсөж буцаж ирээд Монголынхоо лигт тоглох их сонирхолтой байдаг. Миний хувьд болохоор Монголынхоо лигт ерөөсөө тоглоогүй, яг тоглох жилдээ гадагшаа явчихсан.
Ярилцлагынхаа төгсгөлд юуны өмнө волейболын спортод анхлан суурийг маань тавьсан Р.Тамираа багшдаа маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна.


Би волейболоор хичээллээд 6-7 жил болсон байна. Энэ хугацаанд багшийнхаа удирдлага дор маш олон тэмцээнүүдэд оролцож, олон дурсамж бүтээлцээд, эцэст нь гадагшаа сургуульд очиж, суралцаж байна. Ингээд сургуулийнхаа багт ороод тэр мэдрэмж бол маш гоё байсан. Эхлэхээс өдийг хүртэл зааж сургасан бүх зүйлд багшдаа талархаж явдаг шүү гэж хэлье ээ. Тэгээд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аваргаар “Велком” манай шинэ багийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг үзэх линк:









