
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө
“Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу баяр наадам зохион байгуулах хороо холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар УГЗ Б.Баярбаатар ажиллаж байна. Баяр наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-ний өдрийн 07:00 цагаас эхлэн цахимаар худалдан борлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Сүүлийн гурван жил наадмын нээлтийг долоодугаар сарын 11-ний орой дахин наадамчдад зориулан тоглодог билээ. Орой тоглох наадмын нээлтийн тасалбарыг ENaada.mn болон Ticket.mn сайтуудаар худалдаална. Нээлт, хаалтын тасалбарын үнэ 150,000 төгрөгийн үнэтэй байх бол орой тоглох нээлтийн тоглолтын тасалбар 50,000-80,000 төгрөгийн үнэтэй байна.
Их Монгол Улсын 820 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан хүчит 1024 бөхийн барилдаан зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-ны өдөр өглөө 10:00 цагаас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Өмнө нь бид уламжлалт аргаар морины сэрвээг хэмждэг байсан бол энэ жил хиймэл оюун ухаанд суурилсан гэрлээр хэмжих төхөөрөмжөөр хэмжихээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэлээ.









