
Монгол Улсын Их Хурал ард түмний дээд төлөөллийн байгууллагын хувьд иргэдийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийг дээдлэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Иймд парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.
Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан УИХ-аас парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд шинээр байгуулсан. Мөн иргэдтэй уулзах тусгай өрөөг нээсэн аж.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд УИХ-ын үйл ажиллагааг ил тод болгох зорилгоор гишүүдийн ирц, оролцоог олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Улсын Их Хурал иргэдээ сонсдог байх ёстой. Тиймээс гишүүд иргэдтэй уулзах зориулалтын орчин бүрдэж байгаа. Мөн парламентын номын сангийн салбар үйлчилгээгээр дамжуулан иргэд хууль тогтоомж, архивын мэдээлэл, ном судрыг чөлөөтэй үзэх боломжтой, парламент ард түмний нүд, чих байх ёстой. Тэр хэрээр иргэдийн санал, хүсэлтийг сонсож, тусгаж ажиллах нь зүйтэй.” гэв.
Үүнээс гадна “E-Mongolia” аппликейшнд “Улсын Их Хурал таныг сонсож байна”, “Нээлттэй парламент” зэрэг шинэ цэсүүдийг бий болгожээ. Тус цэсэнд Д-Парламент буюу иргэдийн саналд тулгуурлан хуулийн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хуралдаанд гишүүдийн ирцийг ил тод мэдээлдэг болсон нь олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаар дамжуулан оролцоно гэж хуульд заасан. Үүний хамгийн тод илрэл нь парламент юм.” хэмээн байр сууриа илэрхийллээ.










