
Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа фейсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хүртэл хуурамчаар зохиож, Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулж буй билээ. Уг асуудалд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хэрхэн анхаарч ажиллаж буй талаар салбарын сайд Ч.Номингоос тодрууллаа.
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим залиланд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Энэ бол яах аргагүй бидний өмнө тулгамдаад байгаа асуудал.Кибер аюулгүй байдлын нэгж цагдаа дээр ажилладаг. Гэмт хэргийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаа ажиллана гэсэн үг. Мөн Кибэр аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Зөвлөлийн дор Кибэр аюулгүй байдлын нийтийн төв гэж байдаг. Энэ нийтийн төв нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд хамаатай. Манайх Кибэр аюулгүй байдлын нийтийн төв болон төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраараа дамжуулаад, иргэд яаж залиланд өртөхгүй байх вэ. Иргэд өөрийгөө яаж цахим орчинд хамгаалах уу гэдэг цахим орчны сургалтуудыг хийж байгаа. Нэг ёсондоо иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлж байгаа. Энэ ч утгаараа бид өнөөдөр нээлттэй хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна. Бид бодлогын нөхцөлөөр хангаж өгөх нь манай яамны үүрэг.
Иргэдийн цахим ур чадвар дутмаг байгаагаас үүдээд залиланд өртөөд байна. Энэ хуулийн төсөл маань 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож байгаа. Хоёрдугаарт, 16 нас хүртэлх хүүхдийг насны онцлогтойгоор нийгмийн сүлжээ ашигладаг болгохоор техникийн шийдлийг нь гаргаж байна.
-Зөвшөөрөлтэй сугалаа нэрээр иргэдийг залилаад байгаа пэйжүүдийг хаах эрх хэнд байдаг вэ?
-Фэйсбүүк өөрийн гэсэн хууль эрх зүйн орчинтой. Фэйсбүүк рүү Монгол Улсаас мэдээлэл өгдөг дөрвөн шугам байдаг. Эхнийх нь, Цагдаагийн Кибер аюулгүй байдлын нэгж фэйсбүүктэй холбогдоод, гэмт хэргийн шинж чанартай лайв, зураг, бичлэг түгээж байгаа пэйж хуудаст арга хэмжээ авах боломжтой. Хоёр дахь шугам нь манай Харилцаа холбооны зохицуулах хороо байдаг. Хориглогдсон бөгөөд аюултай мэдээлэл дамжуулаад байгаа пэйж хуудастай холбоотой гомдол Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаа ногоон шугамаар дамжаад фэйсбүүкт очдог. Гурав дахь шугам нь ТББ-т байдаг. Тодруулан хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн бодитой мэдээлэл дамжуулахгүй байгаа тохиолдолд Монголын баримт шалгах төв хэмээх ТББ фэйсбүүк рүү гомдол явуулдаг. Дөрөв дэх шугам нь нөлөө бүхий, олон танил хүмүүст зориулсан шугам. Энэ нь бас ТББ-аар дамжиж, фэйсбүүк рүү ханддаг.
Видео үзэх холбоос:
Э.ХАДААН








