
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ.


Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин мэдэгдлээ. Тэрбээр “Стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад бүх төрлийн хатуу түлш, эд зүйл шатаахыг, стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч бодис ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглагч, өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулахыг, авто сэлбэгийн задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Мөн хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг журмаар хориглож байна” гэв.


Түүнчлэн 2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад бүрэн шилжүүлсэн тухай мэдээллийг нэмж танилцуулав.


НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРЭГТ 435 ЦЭГЭЭР ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛНА
Шахмал түлш үйлдвэрлэх нөөцлөх тухайд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу 2026-2027 оны халаалтын улиралд 280,000 тонн хагас коксон түлшийг худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийт 180,000 тонн эрчим хүчний нүүрс худалдан авах бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс татан авалт эхэлжээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд, 60,000 тонн эрчим хүчний нүүрсийг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-д нийлүүлнэ.
“Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх дараах хоёр хувилбарыг төлөвлөж, холбогдох талуудтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна” гэж нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин А.Амартүвшин танилцуулав. “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүн салаанд нийт 2.4 мBт бүхий гурван сэргээгдэх эрчим хүчний бичил цахилгаан сүлжээг байгуулж, 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх “Нарны эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цэвэр халаалтын системийг Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд 2026 оны наймдугаар сард багтаан батлуулна. Азийн Хөгжлийн Банктай хамтран эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)-ийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийн халаалтыг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох Цэвэр эрчим хүчний шилжилт төслийг хэрэгжүүлж байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС







