
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Номин, П.Ганзориг, Ч.Анар, О.Номинчимэг, Б.Жавхлан, Л.Гантөмөр, Ж.Галбадрах, С.Лүндэг нар “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр “Судалгаагаар хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь дөрөв болон түүнээс дээш цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг” хэмээн дурдсан юм.
Хуулийн төслийг зургаан бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулжээ. Төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэн ашиглахыг хориглох, харин 13-16 насны хүүхдийг насанд нь тохирсон үйлчилгээ, аюулгүй байдлын тусгай хамгаалалтын тохиргоо болон хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд нийгмийн сүлжээ ашиглах боломжтой байхаар тусгасан байна.
Энэхүү хуулийн төслийн суурь судалгаа, бэлтгэл ажил хоёр, гурван жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн санаачилгаар анхны хэлэлцүүлэг өрнөж, бодлогын түвшинд боловсруулалт хийгдэж эхэлжээ.
Хуулийн төсөл батлагдвал хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг тусгайлан зохицуулдаг олон улсын жишиг Монгол Улсад нэвтрэх боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улс хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг насны ангилал, хамгаалалтын шаардлагаар зохицуулж буй. Тухайлбал, Австралид 16-аас доош насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглах эрхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд манай улсын боловсруулсан төсөл нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд олон улсын энэ төрлийн бодлоготой ижил зорилгыг агуулж байгааг хууль санаачлагчид онцоллоо.
ШУУД:







