Швед улсын засгийн газраас томилсон тусгай зөвлөл нийгмийн сүлжээ хэрэглэх насны доод хязгаарыг 15 нас гэж заах нь зүйтэй гэж үзжээ.
Шведийн засгийн газар нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насны доод хязгаарыг тогтоох үүднээс өнгөрсөн намар тусгай зөвлөл байгуулсан нь 2028 оны 1-р сарын 1-нээс нийгмийн сүлжээ хэрэглэх насны доод хязгаарыг 15 нас гэж тогтоохыг санал болгожээ.
Түүнээс гадна Шведийн нийгмийн эрүүл мэндийн газар эцэг эх, асран хамгаалагчдад зориулан зөвлөмж гаргасан байна. Үүнд эцэг эх, асран хамгаалагчдад гэрийнхээ унтлагын өрөө эсвэл хоолны өрөө зэрэг зарим хэсгийг “утасгүй, дэлгэцгүй” хэсэг болгож, хүүхэдтэйгээ байхдаа утас үзэж, утсаа оролдохгүй байхыг зөвлөж, насанд хүрэгчдийн дэлгэцийн зохистой хэрэглээ хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал болж өгнө гэжээ.
Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ эрхийг хүндэлж, цахим орчинд гэрэл зураг, видео бичлэгийг нь нийтлэхдээ сайтар тунгаан бодохыг уриалжээ.
Судалгаагаар эцэг эхчүүдийн дэлгэцийн хэрэглээ эцэг эх, хүүхдүүд хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлдөг, дэлгэцийн хэрэглээ өндөртэй эцэг эхчүүдийн хүүхдүүд мөн адил дэлгэцийн өндөр хэрэглээтэй болдог болохыг тогтоожээ.
Түүнээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдүүддээ унтахынх нь өмнө дижитал төхөөрөмж хэрэглүүлэхгүй байх, гар утас, таблет, компьютер зэрэг нь шөнийн цагаар унтлагын өрөөнд байх ёсгүй гэдгийг анхааруулжээ.
2026-27 оны хичээлийн жилээс Шведийн сургуулиудад 1-9-р ангийн сурагчдад сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг нь хориглох аж.
Эх сурвалж: Macau Business.com








