
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг 2026 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашиг 2011.03.31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэнд хамаарна. Иргэний хуульд заасны дагуу хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгч өвлөх бөгөөд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгчийг өв хүлээн авсан гэж үзнэ.
1-р алхам
Хууль ёсны өвлөгч та 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж, хувьцааны мэдээллээ шалгана.
2-р алхам
Хууль ёсны өвлөгч нь Өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээг эсвэл нас барсны бүртгэлийн лавлагааг иргэний бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээнээс авч, гэрчилгээ болон лавлагаан дээр бичигдсэн хаягийн дагуу тухайн баг, хорооны Засаг даргаас Өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (уг дэвтэр байхгүй тохиолдолд Засаг даргын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан тодорхойлолт)-ыг гаргуулж авна;
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.2-т заасан ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг Улсын бүртгэлийн байгууллага дээр иргэний бичиг баримттай заавал биечлэн очиж авсан байна.
3-р алхам
Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичгүүд (хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний бүртгэлийн лавлагаа, эхнэр, нөхөр нь өвлөх тохиолдолд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг, эх нь өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагаа, ХААТР-01 буюу хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагааг авсан байх)-ийг бүрдүүлэн өв нээгдсэн газрын Нотариатад хандана.
Хууль ёсны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өөрт хамаарах баримт бичгийг бүрдүүлж, өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг өөрт ойрхон байрлаж буй нотариатаар, тухайн орон нутагт нотариат байхгүй бол нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлнэ.
Нотариатч нь холбогдох баримт бичиг бүрдсэн нөхцөлд Нотариатын тухай хуульд заасны дагуу “Өвлөх эрхийн гэрчилгээ” бичиж, “Нотариатын цахим систем”-д байршуулах бөгөөд хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг шилжүүлэх тухай мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ.
4-р алхам
E-Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ.
5-р алхам
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна.
Хүсвэл брокерын компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.







