
Японы нийслэл Токио хотын төв Гинзад байрлах худалдааны төвийн B1 давхарт үл таних этгээд сэдрээгч бодис цацсанаас болж багадаа 19 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Цагдаа нарын мэдээлснээр сэжигтний цацсан бодисын найрлагад халуун чинжүүнд агуулагддаг капсаицин хэмээх бодис орсон байжээ. Тус худалдааны төвд байсан хүмүүс сэжигтний цацсан бодисоос болж хоолой нь хорсож мөн загатнаж байсан талаар мэдүүлжээ.
Япон улсад хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэг гарах нь ховор бөгөөд хүн амины хэргийн гаралт бага, галт зэвсгийн тал дээр дэлхийн хамгийн чанга хуультай орнуудын нэг юм.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12-р сард хутгаар зэвсэглэсэн этгээд Шизүока мужийн Мишима хотод байрлах Yokohama Rubber Co. компанийн үйлдвэрийн ажилчид руу халдаж, 14 хүнийг шархдуулсан хэрэг гарсан бол 2022 онд гэмт этгээд гэрийн нөхцөлд хийсэн гар буугаараа Ерөнхий сайд агсан Шинзо Абэг буудан хөнөөсөн билээ.
Түүнээс гадна 1995 онд Аум Шинрикё шашны бус экстремист бүлгийн гишүүд метрон дотор зарин хэмээх хортой хий цацсаны улмаас 14 хүн амь үрэгдэж, 5800 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж байсан нь тус улсад орчин цагт бүртгэгдсэн хамгийн ноцтой гэмт хэргүүдийн нэг болжээ.







