
Монголын паралимпын шатрын холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн, эрчимтэй ажиллаж эхэллээ.
Тус холбооноос анхдугаар УАШТ-нээ амжилттай зохион байгуулж, паралимпын шатрын улсын аварга цолтнууд төрөн гарлаа. Тэмцээний үеэр Монголын паралимпын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар болон тамирчдын төлөөлөлтэй уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе.
Монголын паралимпын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар: Монгол орны өнцөг булсан бүрээс паралимпын шатарчид анхдугаар УАШТ-ийг зорин ирсэнд баяртай байна

-Паралимпын шатрын холбоо 2018 онд анх үүсгэн байгуулагдсан. 2026 оноос бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж, эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсон анхны улсын аваргаа өнөөдөр зохион байгуулж байна. Энэ тэмцээний онцлог нь урьд нь пара шатарчдын хувьд төрөл нь их цөөхөн байсан.
2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс бид пара шатарчдын төрлүүдийг нэмж оруулж ирсэн. Хоёрдугаарт Монголын шилдэг топ ААН-үүд бас ивээн тэтгэгчээр орж ирсэн. Тухайлбал ерөнхий ивээн тэтгэгчээр Г.Цэвэгжав захиралтай “Хас банк”, ивээн тэтгэгчээр Дэлхийн брендийг Монголдоо уриатай “MCS Coca Cola” компани, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар ажиллаж, паралимпын шатарчдаа дэмжиж байна. “MCS Coca Cola” пара шатарчдыг бүтээгдэхүүнээрээ дэмжиж ажиллаж байна. Мэдээж спорт аливаа ивээн тэтгэгч, дэмжлэггүй урагшлахгүй. Иймээс шатрын спортыг түгээн дэлгэрүүлдэг, өөрийнхөө зүгээс дэмжин хандив өргөж оролцож буй бүх л хүмүүстээ чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
Тэмцээнд монгол орны өнцөг үндсэн булан бүрээс шатарчид маань зорин ирж оюун ухаанаа уралдуулж байна. Тэмцээнээс шалгарсан шатарчид маань Ази болон ДАШТ-д оролцох эрхүүдээ авна. Мөн Монголын паралимпын шатрын холбоо цаашид гол үйл ажиллагааныхаа чиглэлээ гаргаж, төлөвлөгөө гаргасан ажиллаж байгаа. Монгол улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тэдгээрээс шатар сонирхдог, шатрын спортоор хичээллэх сонирхолтой тамирчдыг нээн илрүүлж, тэднийг оюуны спортод дур сонирхолтой болгохыг үндсэн бодлогоо болгон ажиллаж байна. Улсын хэмжээнд мөн холбооны зүгээс дотоодынхоо клубүүдийг дэмжиж ажиллъя гэсэн зорилгыг холбооноос барьж ажиллаж буйг онцлоё.
Мөн Олон улсын шатрын холбооны пара хороотой холбогдож, бид бүхэн цаашдаа хамтарч ажиллахаар гэрээ контрактуудаа хийсэн. Ингэснээр Олон улсын холбоонуудад Монголын паралимпын шатрын холбоог албан ёсны бүртгэлтэй болгохоор ажиллаж байна.
Онцлоход бид ирэх жилээс энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнээ улам чанаржуулж, пара шатарчдад Олон улсын рейтинг тооцуулах ийм зорилго тээж яваа. Эдгээр ажлуудыг төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Монгол хүний оюун ухааны ген ер нь байгалиас заяагдсан, өгөгдөлтэй гэж дэлхий нийт үздэг. Тийм учраас энэ шатрын спорт нь монгол хүний оюуны онцлогийг маш сайн нээн, гаргаж өгдөг.
Пара шатарчдын хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд бусад спортуудаар хичээллэхэд хүндрэлтэй байдаг. Харин тамирчдад хамгийн тохиромжтой спорт бол энэ шатрын спорт юм. Иймээс манай холбоо өсвөр үе, дунд үед тоглож байгаа мөн ахмад настнуудаа өргөн хүрээнд хамруулан, аль болох нээлттэй тэмцээнүүдийг энэ намраас зохион байгуулахаар төлөвлөж байна.


Паралимпын тамирчин Д.Ганбат: Спорт бол үр өгөөжөө дандаа өгч байдаг
-Энэ удаагийн тэмцээн болохоор анх удаа УАШТ-ий статустай зохион явагдаж байна. Ялгаатай, бэрхшээлтэй иргэд маань энд бүгд идэвхтэй хамрагдаад ордог учраас манай шатрын холбоо бас онцлогтой.
Хараа, тулгуур эрхтний, сонсголын бэрхшээлтэй иргэд маань шатрын спортоор тодорхой хэмжээнд хичээллэж, тэмцээн уралдаанд оролцдог. Бүр рейтингтэй, чансаатай, олон улсаас бас медаль авч байсан туршлагатай, Монголын нүүр царай болсон шилдэг тамирчид маань бүгд ирсэн байна. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн бол маш өрсөлдөөнтэй цаашлаад олон улсын чансаа тооцогдох ийм зам нээгдэнэ.
Цаашлаад цол зэргийн асуудлаас өгсүүлээд маш олон боломжууд бий болж буй нь сайхан байна. Миний хувьд яг тийм мэргэжлийн шатар тоглодог хүн бол биш. Гэхдээ анхлан пара шатрын спортыг үүсгэн байгуулж байсан. Тэгээд хүү маань бас шатар тоглодог учраас шатартайгаа ер нь илүү ойрхон, энэ спортыг хөгжүүлэхээр зорьж, анх үүсгэн байгуулаад л ингээд оролцоод явж байгаа. Би өөрөө болохоор пара жүдогийн тамирчин. Монгол хүн бүр гэр бүлийн хүрээнд шатар тоглодог, тэр хэрээр ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд тоглоно гэж бодож байгаа. Шатрын спорт бол олон сайхан давуу талтай. Энэ спортоор хүүхдүүдээ, гэр бүлийнхээ хүмүүсийг хичээллүүлэх юм бол сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ. Үүнийг дагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгэмшинэ, хүмүүстэй харилцаа үүснэ гээд л спорт бол үр өгөөжөө дандаа өгч байдаг. Одоо яг ингээд дурдаад байвал маш олон давуу талууд үүсэж байгаа. Тэгэхээрээ бүх хүн шатарчин болохгүй ч гэсэн мэдээж шатрын спортоор хичээллэснээр цаашдаа өөрийнхөө ямар мэргэжлээр сурч боловсрох боломжтой юм. Ямар мэргэжлээр хөдөлмөр эрхлэх боломжтой юм гээд дараа дараагийн хүний хувийн амьдралынх нь чанар нэмэгдээд, сайжраад явах бүрэн боломжтой.
Мэдээж энэ спортоороо өндөр амжилт гаргаад олон улс, тив дэлхийд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатрын тэмцээн уралдаанууд маш өргөн дэлгэр болдог болсон. Монгол Улсаас оюуны спортоор “Ханжоу 2022” Азийн паралимпын наадамд хүртэл тамирчин оюун ухаанаа сорьж байсныг энд хэлэх нь зүйтэй.


Увс аймгийн шатарчин Ц.Улаанхүү: Спортоор дамжуулан өөрийгөө нээж, найз нөхөдтэй ч болдог
Увс аймгаас оролцож байгаа Цэвэгмидийн Улаанхүү байна. Би паралимпын шатрын олимпиадад тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байгаа. Энэ тэмцээн маань олон улсын стандартын дагуу чансаа өндөр тамирчид оролцож байгаа болохоор маш их баяр хөөртэй, сэтгэлээр оролцож байна.
Мэдээж энэ паралимпын шатрын тэмцээн зохион байгуулагдсанаар холбоодын гишүүд болоод үйл ажиллагаа явуулж буй хүмүүстэйгээ танилцаад үндсэндээ бас найз нөхөдтэй болж, олон үйл ажиллагааг явуулж байгаад маш их баяртай байна. Манай Увс аймагт Биеийн тамир, спортын хороо үйл ажиллагаа явуулдаг. Жилд нэг удаа аймгийн АШТ-ийг зохион байгуулдаг.
Увс аймагт паралимпын нийтдээ 40 гаруй тамирчиг байдаг. Миний хувьд энэ спортоор хичээллэж байгаадаа илүү их бахархалтай байдаг.
Спортоор дамжуулан өөрийгөө нээж, найз нөхөдтэй ч болдог.
Ярилцсанд баярлалаа.


Монголын Паралимпын шатрын ерөнхийлөгч Э.Гурванбаатарын видео ярилцлагыг үзэх линк:







