
10 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт хөрш айлын эзэн М.Даделхан болон түүний хүүг хориод буй. Тэднээс гадна М.Даделханы эхнэрийг гурав хоногийн өмнө цагдан хорьсон байна.
Охин наймдугаар сарын 1-ний 09:00 цагийн орчимд гэрээсээ гарч, хөрш айлынхаа тарвас хураалцахаар явсан бөгөөд түүнээс хойш сураггүй болсон байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд цагдаа, онцгой байдал, шүүх шинжилгээний байгууллагын ажилтан болон ар гэрийнхэн зэрэг 70 гаруй хүн оролцож, 14 хоногийн турш үргэлжилсэн.
Харин хэрэгт холбогдуулан саатуулж, мэдүүлэг авах үеэр М.Даделхан охиныг трактороос унаж нас барсны дараа цогцсыг нь шатааж, булсан гэх мэдүүлэг өгсөн байна. Улмаар тэрбээр охиныг өөрөө дайрсан гэх мэдүүлэг өгснөөр цагдан хорьжээ.
Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд задлан шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Хэргийн нөхцөл байдал болон холбогдогчдын гэм буруу эцэслэн тогтоогдоогүй байна.









