
УИХ-ын гишүүн Ч.Ундрам боловсролын салбарын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажил үр дүнд хүрсэн талаар мэдээллээ.
Тэрбээр 2020 оноос хойш энэ асуудлыг хөндөж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажилласан бөгөөд энэ хичээлийн жилээс боловсролын салбар нүхэн жорлонгоос бүрэн салах боломж бүрдсэн гэж мэдээлсэн байна.
Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлж, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон төрийн, орон нутгийн байгууллагууд хамтран ажиллажээ.
Ч.Ундрамын мэдээлснээр нүхэн жорлонг халсан нь дэд бүтцийн шинэчлэл гэхээс гадна хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлтэй холбоотой асуудал юм.
Мөн тэрбээр ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулснаар ажил дуусахгүй бөгөөд цаашид ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээг тогтмол хийх шаардлагатайг онцолсон байна.









