
Монгол Улсад тив, Олон улсын чанартай, чансаатай 8 тэмцээнийг энэ онд хүлээн авч зохион байгуулна. Үүний нэг нь шатрын Ази тивийн АШТ юм.
Манай улсад энэ сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал зохион байгуулагдах шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорхой болжээ.
“Аса арена”-д явагдах шатрын тэмцээнд нийт 248 шатарчин ур ухаанаа уралдуулах юм. Зохион байгуулагч орон буюу Монголоос 89, БНХАУ-аас 35, Энэтхэгээс 19, Узбекистанаас 12, Казахстанаас 10 зэрэг Азийн 26 орны шатарчин оролцоно. Тэднээс 34 нь их мастер, 12 нь эмэгтэй их мастер бол олон улсын мастер 48, олон улсын эмэгтэй мастер 20 оролцох аж.
Одоогоор бүртгүүлсэн тамирчдын дундаж чансаа 2,270 бол насны дундаж нь 22 байна. Монгол Улсаас их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнзул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул тэргүүтэй шатарчид оролцох юм.







